“Хайрлах урлаг-Монголоор” сэдэвт лекц Герман хэлнээс орчуулсан Эрих Фроммын “Хайрлах урлаг” номыг өнөөдөр Монголоор юу гэж ойлгох вэ Монгол хүнд хир их ойр ном бэ гэсэн тухай байлаа.
Монгол хүн ба Хайр гэсэн том асуудал өнөөдөр хаа ч яригдахгүй хаа ч бичигдсэнгүй. Хайрыг хайр болоход мөнгө, мухар сүсэг хоёр дэндүү том саадууд болжээ. Хайртай аав сайн биш харин баян аав сайн гэсэн өөрөөр хэлбэл баян нөхөр сайн гэсэн энэ нийгэм хайрыг төрж, өсөж бойжиход дэндүү чадваргүй харагдана. Хайртай биш ердөө л жил тохирсон эсвэл заяа төөрөг таарсан хүнтэй л суух хэрэгтэй гэсэн энэ мухар сүсэгт зан заншил уламжлалт ёс болон лам нарын тархи угаалтанд идэгдсэн байдал тархиний тураал биш тархиний илжрэл гэлтэй.
Зөвхөн тэр л айл гэрийн хүмүүжил зонхилж нийгэмд хэрхэн өөрийгөө авч явах тухай соёлжсон боловсролтой хүмүүжил орхигдсон цаг үед хэн нэгэнд хайртай болох бараг том эрсдэл мэт. Хайрын тухай өрөөсгөл зэрлэг ашиг хонжооч эмэгтэй хүнийг бараг л янхан мэт хандсан энэ цагийн залуу үе хайртай болох чадваргүй. Хайр өнөөдөр ийм байхад ганц олигтой шүлэг яруу найраг бичих хүнгүй драмын театраас авахуулаад дуурийн театр хүртэл хайр ямар их осолтой хүчирхийлэлтэй ашиг хонжооч болчихсон нийгмийн одоогийн энэ уналтыг үнэн бодит үнэмшилтэй шүүмжилж ил харуулж чадахгүй байна гэдэг ямар их хоцрогдсон урлаг соёлын чадваргүйгийн жишээ вэ? Хайрыг магтан дуулахдаа биш хайрыг анхааруулж болгоомжлуулах цаг үеийн шүүмж хэрэгтэй болжээ. Энэ үнэхээр хайр мөн үү? Үүнийг хэн мэднэ вэ?
Лекцээс гарсан нэг дүгнэлт бол мөнгө, мухар сүсэг, лам, гадаадын эрчүүд гээд олон асуудалд орсон энэ нийгэмд хэн нэгэнд хайртай болох зориг эрх чөлөө цаашлаад ёс суртахуун дутагдана. Тиймээс өнөөгийн энэ Монгол гэж улсад хайрлах урлаг ахадсан сэдэв мэт. Харин түүний оронд хэрхэн "хайртай болох урлаг" хэрэгтэй болжээ. Хэн нэгний хайр мөнхийн биш үүрдийн биш. Яагаад гэвэл хүн зуурдынх тул хүний хайр зуурдынх. Зарим хайр залхана зарим хайр унтрана.