Ертөнцийг үзэх үзэл биш феномэнолог




Лекц № 2: Ертөнцийг үзэх үзэл биш феномэнолог. Товчлол

Аравдугаар сар 13, 2014 25 Лэкц

Ертөнцийг үзэх үзэл, үзэл бодол, үзэл санаа, үзэл баримтлал гээд өнөөдөр хүртэл буруу ойлгогдож алдаатай хэрэглэж ирсэн энэ үг ухагдахуунуудыг засаж залруулж зөв хэрэглэх хугацаа нэгэнт болжээ. Хүн нэг бол мэднэ үгүй бол мэдэхгүй шүү дээ. Тиймээс үзэл яриж мэдлэгээс бултаж болохгүй.
Феномэнолог гэсэн маш чухал философийн ойлголтыг буруу орчуулж буруу ойлгосон тул энэ ертөнцийг үзэх үзэл гэсэн буруу ойлголт нийт яриануудад ихэвчлэн сонсогддог. Энэ үгийг хэрэглэж буй хүмүүс хүний ухааныг буруу ойлгож буйн баталгаа. Хүний ухаан үзсэн үзэгдэлээ хэрхэн буулгаж буй болон хэрхэн үзсэнээ илэрхийлэхдээ ямар их нэмж хэтрүүлж мэдэрдэг тухай энэ феномэнолог гэсэн онол шалгадаг. Яг юу вэ гэдгийг мэдэхэд зөвхөн өөрийн харсан харц болон үзсэн үзэл хангалтгүй.
Монгол хүний ухааны бэрхшээлийн тухай өмнө бичиж байсан сэдэвүүд Монгол хүн буруу мэдэрч нөгөөтэйгүүр нийт нийгэмд Монгол хүний мэдрэмжийг залилаж, мэхэлж, хуурдаг мухар сүсэгийн байгууллагууд хэтэрхий олон үүссэн тухай бичиж байлаа.
ШУА, их сургууль нэртэй мэдлэг олгох үүрэгтэй байгууллагууд өөрсдөө мэдрэмжийн төөрөгдөлд орсон тул хүний ухааныг өнөөдөр ч олигтой ойлгосонгүй хэвээр. Үүний хажуугаар ухамсар гэсэн ойлголтыг оюун ухаан гэсэн ойлголтоор буруу тайлбарлаж цаашлаад оюун санаа, оюун бодол гэсэн салбарласан үгнүүдийн цуглуулгууд юу ч хэлэхгүй хоосон үг хэвээр үлджээ. Тиймээс ШУА, их сургуулиуд бүрэн мэдлэгийн байгууллага болж чадахгүй л байна даа.
Мэдлэг гэдэг нэгдүгээрт: диалектик, хоёрдугаарт: феномэнолог, гуравдугаарт: хермэнойтик гэсэн гурван ухагдахуунаар тодорхойлогдоно. Энэ гурав гурвуулаа их сургуулийн оютнуудын мэдээжийн мэдлэг болох ёстой атал харийн үг хэвээр үлдэж мэдлэг жинхэнэ утгаараа ирсэнгүй. Алаг цоог энд тэнд мэр сэр жижиг мэдлэгүүд л дөнгөж л ирсэн гэдэг тодорхой болсон.
Монголчууд нэгэнт дэлхийн мэдлэгийн гурван том суурь ойлголтуудыг авч чадаагүй ойлгоогүй тул их сургуулиудыг төгсөж буй оюутнууд сэхээтэн болж чадахгүй нийт нийгэм улс орон сэхээтэнтэй болох тэр боломж үгүйрчээ. Гадаадад сураад ирсэн гэвэл Монгол хэл дээрээ мэдлэг буулгаж чадахгүй төөрөгдөж хоёрын хооронд гуравын дунд доктор профессор цолтой хэдий ч мэдлэгээс хол ангид хүмүүс ихэссээр л. Ийм хүмүүс сэхээтэний давхрага бүрдүүлж чадахгүй нөгөө л ид шид ер бусын гэх зүйлд хэдэн зуун жилийн өмнө итгэдэг байсан хэвээрээ итгэсээр л байх жишээтэй.
Феномэнолог гэсэн ойлголт бол хүн өөрийнхөө үзсэнийг зөв гэх өөрийнхөө л үзсэнийг бусдад тулгахыг асууж шалгадаг танин мэдэхүйн салбар. Үзэл олон биш нэгэнлэг байх хэрэгтэй. Олон ургальч үзэл цаашаа хөгжиж бүгдээрээ нэгэн үзэлтэй болох л улс орон цаашид хөгжихөд хэрэгтэй. Үндэстэний нэг л үзэл өөрөөр хэлбэл нэгэнлэг мэдрэмж байх л улс оронд хөгжил авчирдаг.
Мэдлэг бүтээх ёстой зөв мэдрэх мэдрэмж яагаад Монгол хүний өнөөгийн амидралд бүтэлгүйтсэн хэвээр вэ гэхээр Монголчууд Буддизм, социализм, ардчилал гэсэн гурван том ойлголттой олигтой танилцаж тэдгээрийг эдэлж хэрэглэж чадсангүй. Мэдээж Буддизм худлаа тараагдаж ухааны доройтол явагдсан. Социализмыг олигтой ойлгож чадаагүй тул богинохон хугацаанд амжилтанд хүрсэн хэдий ч сүүлдээ тэр их боловсролд дарагдаж Монгол хүний толгой өвдөж социализмаа нурааж эхэлсэн. Харин ардчилал ямар ч онолгүй орж ирсэн тул хүн бүр дураараа дургиж улстөр нэртэй тоглоом зохиож өөрийн санаагаа хэлсээр байгаад улстөрийн энэ том ойлголт аманд ч үгүй хамарт ч үгүй мартагдах шивдээ.
Монгол хүний мэдрэмж яагаад буруу ажиллаж феномэнологийн хар нүхэнд унасан бэ гэсэн асуултанд энэ лекц хариу өгөх зорилготой байсан. Үнэхээр л Монгол хүн мэдрэмжийн хомсдолд орсон гэдэг тодорхой болсон. Нэгэнт байгаагаар нь харж байгаагаар нь сонсох тэр онол дутагдсан тул ухааныхаа замбараагүйтлийн золиос болсон. Монгол хүний ухааны замбараагүйтэл дээр гадаадын сүм хийдүүд болон дотоодын мухар сүсэгтэнгүүд сайн ажилладаг.
Ардчилал нэртэй хүн төрөлхтөний бүтээсэн улстөрийн онол бүтэлтэй байсан бол Монгол хүмүүсийг нэгэнлэг мэдрэмжтэй болгож нийт улс орон мэдрэмжээрээ нэгдэх байсан. Гагцхүү мэдрэмжээрээ нэгдэж чадаагүй тул хамгийн их мэдрэмж дээр тоглож чаддаг ашиг олдог байгууллага бол хэвлэл мэдээлэл болсон байх жишээтэй. Sensation гэсэн ойлголт бол мэдрэхүйг нэрлэдэг. Тэгвэл хүний мэдрэхүй дээр сайн тоглоно гэвэл сенсаацлана л гэсэн үг. Зурагтаар хүмүүсийг яриулж хөөргөн магтаж олныг мунхруулсан нэвтрүүлгүүдийн зорилго бол сенсаац үүсгэх өөрөөр хэлбэл Монгол хүний мэдрэмжийг жинхэнэ солиоруулах.
Эрт дээр үед байгалийн сонин хачин үзэгдэлүүдийг хүн мэдэхгүй тул ер бусын, ид шидийн цаанаасаа гэж үзэгдэл болгон тайлбарладаг байсан. Өнөөдөр бол үзэгдэл биш энгийн сургуулийн хүүхдийн л мэдлэг болсон шүү дээ. Хувь заяа, хувь тавилан цаанаасаа зурсан зураг биш байдаг л нэг хүний нэгэн төрлийн нэгэн давтагдах амидрал шүү дээ. Тиймээс зураг биш бодит амидрал. Гэтэл мэдрэмж буруу ажиллахаар энэ бүгдийг ойлгохгүй болдог. Үүний гол шалтгаан бол айдас. Маргаашийн амидрал баталгаатай юу гэсэн айдас мэдрэмжийг саатуулдаг.
Зурагтаар гарч буй одоогийн болон экс улстөрчидийг харахад тэд ямар их бодит байдлын мэдрэмж алдагдсан харагддаг. Тэд хүмүүсийн айдас үүсгэх зорилготой шүү дээ. Ерөөсөө айдасын шалтгаанууд. Улстөрчид өөрсдөө ярисан яриандаа үнэмшиж өөрсдөө бас мэдрэмжийн сааталд орсон. Мянга давтахаар үнэн болдог биш харин мянга давтаж яриад буй хүнд өөрт л үнэн болно шүү дээ.
Ялангуяа хуучин улстөрчидийн хийх ярилцлагууд бол зурагтыг ашиглаж сенсаац нийгэмд үүсгэж ажил хөдөлмөр хийж яваа хүмүүсийг үймүүлэх жишээтэй. Хуучин улстөрчидийг юм их үзсэн гэж худлаа сурталчилдаг. Гэтэл мэдрэмж муутай хүн юу ч үзээд нэмэргүй. Юм их үзсэн гээд байгаа хүмүүс буруу мэдэрсэн байвал яах вэ? Ёстой л 60 хүрнээ ухаан орноо 61 хүрнээ үхнээ л гэсэн ойлголт болно доо.
Ерөөсөө мэдрэмжийн сааталтай гэдэг ухааны сааталтай. Ухаан сааталтай бол мэдрэмж алдана. Хүний ухаан дотор бодол, сэтгэл, мэдрэмж гурвуулаа байрлана. Хэрвээ мэдрэмж алдаатай бол зөв бодох ч чадваргүй бас сайн сэтгэх ч чадваргүй. Тиймээс улстөрчидийн ухаан буруу ажилладаг тул тэдний үзсэн үзэгдэлүүд худлаа. Худлаа үзэгдэл бол хий үзэгдэл шүү дээ. Одоо удахгүй сонгуулийн сурталчилгаа эхлэнэ тэдний хий үзэгдэлүүдийг сонсох цаг ирэхнээ.
Мэдрэмжийг сенсаацлаж
үймүүлэх тэр зорилгын цаана бол хүмүүсийн мэдрэмжийг хуурч, мэхэлж, залилаж цаашлаад харагдуулах гэснийгээ харагдуулах мөн сонсуулах гэснийгээ сонсуулж нүд болон чихний замбараагүйтэл үүсгэх. Ухаандаа хэрхэн буулгаж авч түүнийгээ хэрхэн боловсруулах тухай тайлбарлаж хэлэх соён гэгээрүүлэгчид алга байна шүү дээ.
Мухар сүсэгтэнгүүд өртэй хүмүүсийг мөнгөтэй болгоно гэж улам мөнгөгүй болгож ирээдүйг хэлнэ гэж бүр ирээдүйгүй амидралтай болгох жишээтэй. Энэ бол мэдрэмжээр тоглож залилан хийж буйн баталгаа. Залилангийн хэрэг гэж байдаг. Тэгвэл яагаад мухар сүсэгтэн, улстөрч, сүм хийд, зурагтын нэвтрүүлгүүдийг залилангийн хэрэгт татахгүй байна вэ? Үндсэн хуулийн цэц юу хийнэ вэ?
Монгол хүн Монгол хүнийхээ мэдрэмжийг залилан мэхэлж юмыг буруу мэдрүүлж байгаа өнөө цагт сэхээтэн үүсэж нийгэм оюунлаг болох тэр боломжийг хаасаар. Энэ хаалтыг эвдэж нийгмээ оюунлаг болгох тэр үйл хэрэг үгүйлэгдэнэ. Ар Монголд нийгэмшсэн мэдрэмж үгүйлэгдэнэ.