Би нэг номыг уншаад хэсэг орхин тухайн номын талаар бодож, тэр үедээ бас өөр ном эхлүүлдэг.




НОМЫН ТУХАЙ   06 САРЫН 08, 2019

Бид номын тойм булангийнхаа ээлжит зочноор Философийн академийг үүсгэн байгуулагч С.Молор-эрдэнэ философичийг урьж оролцууллаа. Тэрээр салбарынхаа сонгодгуудыг орчуулсан, өөрөө философи, нийгэм, улс төрийн олон ном бичсэн тул сонирхолтой номууд санал болгож буй гэдэгт итгэлтэй байна. Ингээд түүний санал болгох таван номтой танилцъя.

УНШИХ ТУХАЙД

С.Молор-Эрдэнэ
Ном уншдаггүй одоо цагт номын тухай ярих уйтгартай. Би философич хүн, миний хийдэг ажил бол ном унших. Би дандаа философийн ном уншдаг. Хэрвээ надаас оюутан байхад, эсвэл сурагч байхад асуусан бол би таван ном шууд л нэрлэх байсан. Харин одоо энэ олон номоос зөвхөн тавыг сонгоно гэвэл хэцүү. Тиймээс яг одоо уншиж байгаа буюу давтан уншиж байгаа таван номоо нэрлэе. Энэ номууд бол ямар ч үед аваад уншихад сайхан номууд шүү.

Би нэг номыг уншаад хэсэг орхин тухайн номын талаар бодож, тэр үедээ бас өөр ном эхлүүлдэг. Би номыг маш хурдан уншдаг. Би яаж баяжих вэ гэсэн, лам бөөгийн тухай, тааруу зохиол унших дургүй. Хүн өөрийнхөө тархийг хөгжүүлэх гэж ном унших хэрэгтэй. Хүн дууриах гэж унших шаардлагагүй. Хүн төрөлхтөн гайхалтай нээлт ололтуудыг хийсэн энэ үед түүхийн ном л их бичээд байх юм. Өнгөрснөөс илүү бидэнд ирээдүй, маргааш чухал. Түүхийн мэргэжлийн биш хүмүүс түүхийн номыг хамаг цагаа гарздан уншиж яах юм. Тэрний оронд өөрийгөө боловсруулах ном уншсан нь дээр. Нэг ч гэсэн гадаад хэл сурвал тэр хүнд хэрэгтэй. Боловсрол гэж математикийн томьёо цээжилж гүйхийг хэлэхгүй. Уран зураг, гоо сайхан, гоо зүй, романы талаар ярьж байна. Би франц роман унших дуртай. Жишээлбэл Францын Улбекийн романууд. 

Би дандаа эх хэл дээр нь уншдаг. Орчуулгын ном уншлаа гэхэд ижил соёл, ижил шашинтай улсын хүмүүс орчуулсныг нь олж авна.

1. FRIEDRICH NIETZSCHE. ALSO SPRACH ZARATHUSTRA

Энэ бол залуу хүмүүст зориулсан ном. Хүн өөрөө өөрийгөө яаж хүн шиг хүн болгож, насанд хүрч, өөрийн асуудлуудыг өөрөө шийдэж байгаа тухай гардаг. Чамайг тойроод чамайг ойлгохгүй хүмүүс байна. Үүнээс болж сэтгэлээр унах хэрэггүй. Чи өөрөө өөрийгөө авч ёстой. Заратустра шинэ, өөр юм хэлмэгц эргэн тойронд нь байгаа хүмүүс түүнийг шоолдог. Эндээс хүн хүнээс илүү байх ямар хэцүү байдаг талаар, ийм үед яаж шантрахгүйгээр өөрийгөө авч явах талаар суралцаж болно. Чиний эргэн тойронд чамд атаархдаг, чамайг доош хийх гэсэн хүмүүс бишгүй олон бий. Тэгвэл тэр хүмүүстэй чи учраа ололцох хэрэгтэй. Нэг бол чи зүгээр л жагсаалын цэрэг болж, тэдний үгэнд орон өөрийн сэтгэгдлийг ч хэлэхгүй, өөрийн мэдсэнийг ч ярихгүй, тэр доор хар масс болоод үлдэж болно. Үгүй бол чи хэлье гээд гарч ирнэ. Хэлнэ. Тэр үед чамайг шоолно. Ямар нэг байдлаар өөрсдөөсөө илүү байлгахыг хүсэхгүй. Тэд чамайг үргэлж: "Бидний нэг шүү. Биднээс дээр гарахгүй шүү. Хамтдаа ингээд явцгаая. Чи хэзээ ч биднээс илүү болж болохгүй шүү" гэнэ. Энэ бүхэнтэй яаж тэмцэж байгаа талаар Заратустра дээр гарна. Ницшегийн номыг уншихад үргэлж гоё байдаг. Яагаад гэвэл тэр философийн том, хүнд сэдвүүдийг нийгмийн хөнгөхөн сэдэв болгочихдог. “Бос, өндий, урагшаа алх, хараа цэх, цээж тэвхгэр. Хүн өөрөөсөө дорд хүмүүсийг тоодоггүй юм.” 

Дэлгэрэнгүй: Thus Spoke Zarathustra

2. INAZO NITOBE. BUSHIDO: DIE SEELE JAPANS

Яагаад Японы ард түмэн ийм хөдөлмөрч, ийм мэдлэг боловсролтой байна. Тэдэнд автомашины компани, онгоцны үйлдвэрээс аваад энэ олон том том бүтээн байгуулалт хийхэд юу нөлөөлөв. Япон хүмүүсийн амин сүнс нь юу юм гэдгийг энэ Бушидогоос мэднэ. Бидэнд суралцах зүйл их бий. Япон хүн яагаад ийм ёс суртахуунтай, шударга, хичээнгүй гэдгийг энэ номоор тайлбарладаг. Бид ч бас Монгол улсаа хөгжүүлэхийн тулд бид тэдэн шиг шударга болох хэрэгтэй. Энд эр хүн ямар байх ёстойг бичсэн байдаг. Зоригтой, тэсвэртэй, шуналгүй, шударга, үнэнч, өөрийгөө барьдаг байх хэрэгтэй. Энэ бол жинхэнэ эр хүн. Би Ази хүн учраас энэ мэтчилэн Япон, Солонгос, Энэтхэгийн тухай их уншдаг. Бас урд, хойд хөршийнхөө тухай, Путин, Ши Жин Пиний тухай уншдаг.

Дэлгэрэнгүй: Bushido, the Soul of Japan

3. S.FREDERICK STARR. LOST ENGLIGHTENMENT 

Арабын ертөнцийг бид ойлгох ёстой. Нэгэн цагт хамгийн өндөр хөгжилтэй байсан Арабын ертөнц одоо яаж баларч байна. Юунаас болов? Газрын тос. Энэ орны баялаг руу хүн болгон дайрч байна. Арабын хөгжим, хувцас, соёл, хоол ямар гайхалтай байсан бэ. Эртний Перс, эртний Ирак гайхамшигтай орнууд байлаа. Энд Заратустра, Ал Фараби гээд агуу философичид байсан шүү дээ. Энэ номд Арабын ертөнцийн алтан үеийн тухай, Арабын ертөнц яаж хөгжсөн тухай гардаг. Математик, алгебр, шатар, мэс засал, анагаах ухаан бүгд Арабаас үүсэлтэй. Би Арабын ард түмнийг хүндэлдэг. 

Дэлгэрэнгүй: Lost Enlightenment

4. SIGMUND FREUD. DIE TRAUMDEUTUNG    

Энэ ном зуун жилийн өмнө бичигдсэн боловч өнөөдөр ч чухал. Яагаад гэвэл хүн эрт цагт зүүдэлдэг байсан, одоо ч зүүдэлсээр байгаа. Гэхдээ одоо үед өөр зүйлсээс айж зүүдэлдэг. Гурван мянган жилийн өмнөх хүн байгалиас айдаг байсан бол өнөөдрийн хүн хамгийн ойрын хүмүүсээсээ айдаг. Зүүд гэдэг бол өдөр болсон, чиний сэтгэлийг зовоосон, болж өнгөрсөн зүйлс. Гэтэл манайхан зүүдийг зөнтэй гэдэг. Гэтэл зүүд бол ердөө д чамд өдөр тохиолдсон зүйлсээс болж тархи чинь шөнө хямарч байгаа хэлбэр юм.

Дэлгэрэнгүй: The Interpretation of Dreams

5. SLAVOJ ZIZEK. LENIN HEUTE

Зизек бол 21 дүгээр зууны хамгийн шилдэг философич. Надад Зизекийн нийт арван нэгэн ном байдаг. Би түүнийг шинэ ном гаргах болгонд нь уншдаг. Тэр капитализм өнөөдөр хүн төрөлхтөнг яаж баллаж байгаа тухай бичдэг. Өнөөдөр капитализм нэгэнт уналтад орсон учир социализмаас юуг нь авах тухай бичдэг. Би социализмын үеийн хүүхэд болохоор хүүхэд нас маань Ленинтэй хамаатай. Тиймээс Ленингийн талаар уншихад хүүхэд нас санагддаг.

Дэлгэрэнгүй: Lenin Heute

НИЙТЭЛСЭН:

NOMINJARGAL BATKHUYAG