Боловсрол бол хүн төрөлхтөний олон зуун жил тэмцсэний үр дүн, түүгээр шашиныг хазаарлаж ард түмэнд соён гэгээрэл авчирсан. Боловсрол маш их бартаатай замыг туулсан. Яагаад бие хүнд боловсрол хэрэгтэй вэ гэхээр боловсрол хүнд эрх чөлөө авчирдаг. Боловсролгүй хүн тэгэхээр хязгаарлагдмал эрх чөлөөтэй. Боловсролтой хүн өөрийгөө таньж мэдсэн хүн.
Боловсрол бага, дунд, дээд гэсэн олон ангилалд явагдаж ард түмнийг хүний зэрэгтэй болгодог. Ямар ч боловсролын түвшин өөрийгөө аваад явж хувь заяагаа бусдад даатгах биш өөртөө итгэх итгэлийг сургах анхны даалгавартай. Боловсролын тухай ярихад эхлээд сурах, хүмүүжих болон боловсрол гуравыг заавал хамтатган ярих чухал. Боловсролоор хүн хүн байх тэр хамгийн шийдвэрлэх чадварыг суралцах ба түүний дараа оюуны чадварт суралцдаг.
Боловсролоор хүн логиктой бодох чадвартай болдог. Үүнийг сургуулиас өөр хаа ч сурах боломжгүй. Шашинд ямар ч логик үгүй зөвхөн л догма агуулагдсан. Аристотел[1] хэлэхдээ маргааш дайн болно гэсэн хэллэг юуг өгүүлж буй гэхээр өнөөдөр л үнэн. Харин маргааш дайн болох болов уу гэсэн асуудал ирээдүйд үнэн эсвэл худлаа. Тиймээс энэ фатализмын[2] буюу дэндүү гэсэн онол ихэнхидээ хувь заяа эсвэл хувь тавилан гэсэн ойлголтыг хэлдэг ба өчүүхэн хүн түүний эсрэг яаж ч чадахгүй гэсэн ойлголт.
Хүн төрөхөөсөө л ийм, угаасаа л ийм, нэгэнт л цаанаасаа ийм тул хувь хүн юу ч хийх боломжгүй эсвэл чадах ч үгүй гэсэн хувь хүний үйлдэлийг болон шийдэлүүдийг хааж боосон мухар сүсэгүүд боловсролын тусламжтайгаар л залруулагдана.
Хүүхэд бүр ерөнхий боловсролыг хүртэж ганц ч хүүхэд түүнээс холуур өнгөрөх ёсгүй гэж үндсэн хууль заах учиртай. Сүм хийдийн шавь хүүхдүүд ч гэсэн эхлээд ерөнхий боловсролын сургуульд сурцгааж дараагаар шашины гишүүн болох зарчим бол хүний эрх чөлөө болон тэгш эрхийн цаад агуулгатай. Үүний хажуугаар бас боловсролгүй залуу лам нар бусдын доог болж түүнийхээ хариуг авах гэж хачин сонин хортой аргууд хэрэглэж олныг хохироох нь элбэг болжээ. Ичсэн хүн хүн ална гэж үүнийг хэлнэ.
Ардчилалд хамгийн чухал зүйл юу вэ гэхээр өөрийгөө илэрхийлдэг иргэн. Иргэн өөрийгөө илэрхийлж чаддаг болоход хамгийн түрүүнд боловсрол хэрэгтэй. Боловсрол гэдэг нэг төвшинөөс дараагийн төвшинд хүрэх ихсэх, гүнзгийрэх бас ахих болоод дэвших явц. Боловсрол бол дэвшил. Энэ дэвшилийн явцад хүн зөвхөн өөртэйгээ харьцаж сурах биш бас бусад хүмүүстэй цаашилбал ертөнцтэй хэрхэн харьцахыг суралцана. Тиймээс энэ номын бас нэг гэрээ бол боловсролын гэрээ.
Монгол хүн өөрийгөө танихад боловсрол шаардлагатай. Ерөнхий боловсрол гэдэг тухайн хүнийг нэгдүгээрт бодуулж сургах, хоёрдугаарт мэдлэгт сургах гуравдугаарт харьцаж сургах зорилготой. 200 гаад жилийн өмнө Европ тивд явагдсан соён гэгээрэлийн хувьсгал нэг талдаа боловсролын хувьсгал байсан.
Энэ боловсролын хувьсгал хамгийн түрүүнд баяд ноёдод дарлуулахгүй хоёрт шашины мухар сүсэгт автагдахгүйн тулд. Энэ хоёрын дарлалыг боловсролоор даван туулах боломжтой гэсэн.
Дэлхийн боловсролын хувьсгалын үр нөлөө социализмын эрин үед монгол хүний хүртээл болж чадсан. Орос хүмүүс монголчуудыг боловсролтой болгох гэсэн хувьсгал бас л Манжуудын нөлөөнд автагдсан монголын баяд ноёдууд болон Түвдийн шарын шашинд идэгдсэн монгол лам нарын эсрэг хувьсгал байсан. Сургуулийн тухай ойлголт оросууд социализмын үед анх удаагаа школа[3] нэрийн дор оруулж ирсэн оюуны хөрөнгө оруулалт.
Социализмын үед хөл дээрээ тогтож чадсан боловсролын систем өнөөдөр задран унажээ. Гадаад болон дотоодын хувийн сургуулиуд үүсэж боловсрол төрийн болон нийгмийн мэдлээс гарчээ. Нийгэмд буюу хамтран амьдрах амьдралд зориулагдаагүй хувийн явцуу хүрээний боловсролын байгууллагууд нийгэм төлөвшиж иргэн бойжих явцыг зогсоожээ. Боловсрол хэлмэгджээ.
Өсвөр үеийнхэн яг л хувьсгалаас өмнөх үеийнх шиг шашины мухар сүсэгт идэгдсээр. Боловсрол үндсэн хуулийн хамгаалалтад биш. Боловсролын дээр шашин очиж байрлажээ. Ингэснээр хичээл хийж, ном сурч боловсрохоос илүү мухар сүсэгийн ид шидээр онц дүн авахын төлөөх төөрөгдөл гаарч бага, дунд, дээд боловсролын ялгаа балартаж арилжээ.
Бага боловсрол буюу бага ангийнхан ертөнцтэй танилцаж хорвоогийн тухай гайхаж сонирхох хичээлүүдээр суралцах. Дунд боловсрол буюу дунд ангийнхан мэдлэгийн салбаруудыг ялгаж сурах мөн мэдлэгийг ангилж сурахад суралцана. Дээд буюу анхлах ангийнхан шинжлэх ухааны мэдлэгтэй танилцана. Харин их дээд сургуулиудад шинжлэх ухааны мэдлэгийг мэргэжлийн төвшинд суралцана.
Боловсрол гэсэн ойлголт зөвхөн мэдлэг биш бас ялгаж чадах чадвар. Боловсрол бол бодох бас эрэгцүүлэх чадвар. Боловсрол бол шүүмжлэл. Боловсрол хүний сэтгэлийг төлөвшүүлэх үүрэгтэй. Тиймээс сэтгэлийг бас боловсруулдаг. Үүгээр сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн ялгах чадварт хүхэд суралцана. Тэгсэнээр сэтгэлээ илэрхийлэх чадвартай болно. Сэтгэлээ илэрхийлж бас сэтгэлийн хөдөлгөөнөө ялгах чадваргүй хүн сайн муу сайхан муухай гэх мэтийг ялгаж чадахгүй хольж хутгана.