Үндсэн хуулийг цоо шинээр ярих цаг нэгэнт болсон




Философич, лектор, олон нийтийн сэхээтэн С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа. 

ВИДЕО:

-Үндсэн хуулийн талаар яриагаа эхэлье. Та Үндсэн хуулийн тухай ойлголтыг философийн ухагдахуунаар хэрхэн тайлбарлах вэ?

-Үндсэн хууль бол маш том сэдэв. Гол агуулга нь хамтын амьдарлыг зохицуулах, эв найрамдалтай амьдруулах зорилготой бөгөөд ирээдүй хойч үедээ нийгэм хот, улс хүлээлгэн өгөхөд зориулагдсан батламж юм. Нэг үгээр хэлбэл тангараг. Үндсэн хууль бүх хуулийн уг үндэс юм. Үндсэн хуулиудаас дараа, дараагийн хуулиуд гарч ирэх ёстой. Үндсэн хууль бол үндэстэнд зориулсан хууль.

Тэгвэл үндэстэн гэж хэнийг хэлээд байгаа юм. Манай Үндсэн хууль монгол хүнийг тайлбарлаж чадахгүй байгаа. Зүгээр нэг газар нутаг яриад байдаг. Үндэстний хүсэл эрмэлзэл гарч ирж байж бидний хууль бичигдэх ёстой. Зүгээр гадны ойлгоогүй орчуулга хийгээд нэвтрүүлдэг зүйл биш. Бид өөрсдийгөө эхлээд тодорхойлсны дараа, өөрсдөд тохирсон хууль гаргана гэсэн үг. Ямар хэл бидний гол хэл байх ёстой юм. Монгол хэл яг мөн үү. Гадуур үйлчилгээний газруудаар баахан гадаад хэлтэй хаяг болчхоод байна. Энэ чинь Монгол хэл биш солиорол.

Дараа нь шашнаа тодорхойлох ёстой. Ямар шашин монголчууд бидний гол шашин юм бэ гэдэг нь чухал. Үндсэн хууль бол ийм нарийн зүйл байх ёстой. Мөн Үндсэн хуульд гурван том асуудлыг тусгах ёстой. Үүнд тэгш эрх, эрх чөлөө, шударга ёс юм. Манай улс ардчилилтай болох гэж бүх зүйлийг нураасан. Яг энэ үед Үндсэн хуулийг шинэчлэх гээд бүүр бантагнуулаад хаячихсан. Ер нь бид Үндсэн хуулийг цоо шинээр ярих цаг нэгэнт болсон.

 

 

-Үндсэн хууль гэснээс Хотын дарга Х.Нямбаатарын өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж буй "Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах" хууль нь Үндсэн хуулиар иргэнд олгосон эрхийг зөрчөөд байгаа гэдэгтэй та санал нийлэх үү? 

-Улаанбаатар хотод иргэдийг чөлөөтэй зорчуулахгүй байна гэдэг нь өрөвдмөөр, инээдэмтэй. Тухайлбал,  Лондонд хотын төв хэсэгт автомашинтай зорчуулахгүй гэсэн шийдвэр байдаг. Энэ нь төртэй хамааралтай шийдвэр юм. Англид хатан хааны ордны хажууд машинтай яваад байх нь зохимжгүй. Харин бид Төрийн ордны ар, өврөөр давхиж ажил амьдарлаа амжуулах шаардлагатай. Бид машинтай хурдан давхиж чадахгүй шүү дээ. Учир нь нийгмийн бүтэц алдаатай юм чинь. Улаанбаатар хотын архитектур төлөвлөлт алдагдчихсан. Нийтийн тээврээ сайн хөгжүүлээгүй юм чинь машинтай явахгүй яах юм. Явж байгаа автобуснуудыг хар л даа. Нийтийн тээврээ боловсронгуй болгох хэрэгтэй. Импортоор замбараагүй машин оруулж болохгүй. Машины хэрэглээ маш замбараагүй байна. Автомашины асуудлаа шийдэж байж ийм хачин шийдлүүд хийх хэрэгтэй. Статистикийн тоо гаргах хэрэгтэй. Мөн өмнө нь тухайн байгаа газраа сургуульдаа явдаг байсан бол одоо зүүн талаас баруун тийш сургуульд хүүхдээ хүргэх гээд явж байна.

Иргэдийн аж, амьдрал руу дайран орж байна. Хүний эрх гэх гаднын орчуулга, бидэнд ямар ч хамаа байхгүй. Зүгээр л Улаанбаатар хотын иргэдийн аж амьдралыг хар л даа. Яагаад машинаар явдаг, яагаад машинаар явах шаардлагатай байгаа асуудлыг харж байж шийдэл гаргана. Тэрнээс ардчилал, хүний эрх ямар ч хамаагүй. Бидэнд таарахгүй. Олон ардтай, христийн шашинтай, хэдэн зуун саяар ажиллаж амьдардаг орны хуулийг орчуулж ирчхээд хүний эрх, эрх чөлөө ярих хэрэггүй. Хүүхдийн эрх яриад балай юм болсон. Хүүхдээ загнахаар шоронд аваачаад хийчихдэг. Ганц цалин авчирдаг хүн нь шоронд орчихвол цааш яаж амьдрах юм.

-Та өөрөө ардчиллыг үгүйсгэдэг хүн мөн үү?

-Тийм ээ. Ардчилал гэдэг хэнд хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй. Би ардууд төрийг удирдана гэж арай л болохгүй гэж хэлж байсан. Ямар нэгэн байдлаар нийгмийн дээгүүр хэсгийнхэн төрийг удирдах хэрэгтэй. Ер нь бид боловсрол, мэдлэг муу, чадваргүй, жоохон солиотой, шизотой хүмүүсээр төр удирдуулж байна. Эд нар чинь биднийг авч явж чадахгүй. Гаднын том ерөнхийлөгчтэй уулзаад ширээний ард яриа дэлгээд сууж чадахгүй байна. Хүн мэдлэггүй болохоор л дуугүй байдаг. Бөхчүүд улс төрийн танхимд юу ч дугарахгүй суугаад байдаг. Араггүйдээ хэлэх өгүүлбэр байхгүй, бүтэн өгүүлбэр ч хэлж чадахгүй, зүгээр үгнүүдийн цуглуулга хэлж байна. Яриагаараа хүн чинь мэдлэг, боловсролтой эсэх нь мэдэгддэг. Шумпетер Йозеф гээд философич "социализм бүрдвэл ардчилал руу орж болно" гэж хэлсэн байдаг шүү дээ.

-Тэгвэл та социалист нийгмийн тогтолцоог зөв гэж хэлээд байгаа юм уу?

-Ардчилал бол муу орчуулга. Уг нь Демократ юм. Демо гэдэг нь тухайн үедээ нийгмийн элит хэсгүүдийг хэлдэг байсан. Өөрөө, өөрийгөө аваад явчихдаг хүмүүс гэсэн үг. Этно буюу ардуудыг сонгуульд оролцуулдаггүй байсан. Учир нь тэд сонгох чадваргүй. Хүний үгэнд итгээд буруу сонголт хийдэг байсан. Гэтэл Демо бол элит хүмүүсийн нэгдэл юм. Жишээ нь, АНУ-д шоронгоос гарсан хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй байгаа. Энэ нарийн зүйл. Сонгуульд бүгд орилолдож, ханаралдаж орох ёсгүй. Цэвэр мунхруулга, мушгин гуйвуулалт. Хэн сонгуульд оролцох эрхтэй, чадвартай гэдгийг бид асуух болчхоод байна.

-ЕР НЬ МОНГОЛ ХҮМҮҮС НАСАНД ХҮРДЭГГҮЙ БОЛОЛТОЙ-

 

 

-Таны лекцүүдийн ихэнх байр суурийг эзэлдэг сэдэв нь боловсрол байдаг. Боловсрол гэж яг юу вэ?

-Боловсрол бол мэдлэг биш. Хүнийг хүн болгох үйл явц боловсрол юм. Монголд мэргэжилтнүүд их бий. Монголд жинхэнэ боловсролтой хүн ховор. Уг нь хүн хөгшрөх тусам бие муудаж, ухаан нь тэлэх ёстой. Гэтэл насаараа нам дагаж амьдарсан хөгшин хүмүүс их байдаг. Зүгээр л нам дагаад амьдарчихсан. Тэдэндээ төрийн зүтгэлтэн, гавьяат, нийгмийн зүтгэлтэн гэсэн цол өгчихсөн. Тэгээд тархи нь огт хөгжөөгүй. Оюуны өндөр түвшинд хүрсэн хүн бол материаллаг зүйл сонин биш, цол шагналд дургүй болчихдог. Би хэлээд байгаа. Энэ гурван сая хүн дээрээсээ авхуулаад доор хүртлээ, наян настнаасаа эхлээд бүгд шилжилтийн насан дээр яваа хүүхдүүд юм байна гэж ойлгоод байгаа. Ер нь монгол хүмүүс насанд хүрэхгүй бололтой. Биологийн нас нь яваад байдаг ч тархи нь яг хүүхэд хэвээрээ байна. Сонирхдог, гомддог, сэтгэл хөдлөл, боддог зүйлс нь яг хэвээр байна.

-Тэгэхээр таны харж байгаагаар бовсролд орчуулга том нөлөө үзүүлж байна гэж ойлгож болох уу?

-Яг тийм. "Зүйлийн үүсэл гэнэ үү" нэг номыг орчуулж оршуулсан бололтой. Ингэж орчуулж болохгүй. Хүн үүссэн тухай дэс дараатай тайлбар номыг зүйл болгоод хаячхаж байгаа юм уу. Одоо тэгээд гудамжаар зүйлүүд алхаж байна уу. Монгол хүн биш монгол зүйл үү. Энэ муухай орчуулагдаж мэдлэг устгах ажил Монгол орон хөгжихөд ямар их саад болж байна. Хэлнийхэн бараг л эрдэмтэд гэж өөрсдийгөө хөөрөгдсөн, мэдлэгээс алс хол хүмүүсийн эхлэлийн анхдагч нь Бямбын Ренчин буюу Ренчинов бололтой. Цааш сайн хайгуул хийнэ. Шүлэг эсвэл дөрвөн мөрт бичээд эхлэхээрээ бүр ч доошоо орно. Хүүхэд залуучууд шүлэг бичилгүй яах вэ. Хэлд орж хөгжихөд хэрэгтэй. Мэдлэг боловсролтой болсны дараа насанд хүрээд ирэхээрээ яруу найраг бичих чадвар сонгодог дэлхийн яруу найрагчдын дунд ажиглагддаг.

-МОНГОЛД БҮХ ЗҮЙЛ ХУДАЛ БАЙГАА ТУЛ ЗАЛУУС ЗАЛХААД ГАДНЫН ОРОН РУУ ЯВААД БАЙНА-

 

 

-Таны хамгийн сүүлд илтгэсэн лекц "Үнэнтэй нүүр тул" гэсэн агуулгатай байсан. Товчхон агуулга нь юу байв?

-Том лекц байсан. Үнэнтэй нүүр тулах чинь бодит байдалтай нүүр тул гэсэн үг. Яг байгаа байдлаа үнэнээр ярьж эхлэх. Худал ярьж, нууж ерөөс болохгүй. Үнэнд ямар нэгэн халхавч байдаггүй. Түүнээс нүцгэлж байгаа юм биш. Бид үнэнийг ярих болно. Бодит байдалтай тулгарна. Худал ирээдүй бүтэхгүй, хөгжил явагдахгүй. Яагаад одоо хүртэл бид нийтийн тээврийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа юм. Үнэн байхгүй нүглийн нүдийг гурилаар хуураад байгаа болохоор тэр. Монголын үнэн гарч ирэх ёстой. Энэ их худал дээр бид удаан тогтохгүй. Залуус гадагшаа явах хүсэлтэй байх нь аргагүй. Монголд дандаа худал байгаа тул залхаад яваад байгаа юм. Нэг л их сүрхий, мундаг номын хүмүүстэй байсан худал түүхтэй.

-Мөн та залуусыг гэрээсээ яв, эцэг эхээсээ холд, мөрөөдлөө дага гэж өмнөх лекцдээ хэлж байсан. Залуусын биеэ дааж амьдрах нөхцөл боломжийг Монголын нийгэмд бүрдүүлэхийн тулд юунаас эхлэх шаардлагатай бол?

-Тиймээ. Уг нь залуус мөрөөдлөө биелүүлэхээр гэрээсээ явж биеэ даавал өөрсдөд нь их хэрэгтэй. Гэхдээ Монгол залууст боломж бага байна. Нэгдугаарт, суралцахад нь тэтгэлэг өгч дэмждэггүй. Тиймээс хэлний шалгалт өгөөд залуус гадны орон руу явж байна. Монгол хүн монгол хэлээр ярьж, эх орондоо суралцаж, ажиллах боломжгүйгээс болж явцгааж байна гэдэг ямар том эмгэнэл вэ. Англи, Америк барууны орнууд диваажин юм уу. Одоо гар утсанд бүх даяарчлал байна шүү дээ. Мөн залуус биеэ даагаад гэрээсээ гарья гэхээр нөхцөл байдал алга. Гэр бүлд зориулсан олон өрөөтэй орон сууц ихээр барьж байна. Гэтэл нэг өрөө байр маш их олон барих хэрэгтэй байна. Залуус нэг өрөө байрнаас анхны амьдарлаа эхлээд, бие ээ даах нь маш их хэрэгтэй.