Монголчууд гоё харагдахад л хэт их анхаардаг нь феодализмаараа байгааг илтгэнэ




Монголчууд гоё харагдахад л хэт их анхаардаг нь феодализмаараа байгааг илтгэнэ

 

Философич С.Молор-Эрдэнийн “Тэгш эрх, тэгш боломж” номын нээлтийн үеэр түүнтэй нийгмийн сэтгэл зүй болоод түүнд сошиал орчин хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаa.

-"Тэгш эрх, тэгш боломж" номын гол утга санаа нь юу юм бэ. Уншигчид уг номоос юуг мэдэж, ухаарч аваасай гэж хүсч байгаа вэ?

-Ямар ч хүний нийгэм нь өөрийн гэсэн зарчим, тоглоомын дүрэмтэй байдаг. Түүнийгээ Үндсэн хууль гэж нэрлэдэг. Энэ нь өөрийн гэсэн амин сүнстэй. Тэр нь эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл нь юм. Манайд мөрдөгдөж байгаа Үндсэн хууль зөвхөн эрх чөлөөг урьтал болгоод тэгш эрхийг хаясан. Дутагдсан тэгш эрхийг бид дахин ярьж, Үндсэн хуульдаа оруулах, цаашдаа нийгэм, олон нийтийн дунд ярилцлага өрнүүлэх зориулалттай. Яагаад гэвэл тэгш эрхтэй хүмүүсийн дунд эрх чөлөө байдаг. Тэгш эрхгүй хүмүүсийн дунд эрх чөлөө ярих ямар ч боломжгүй. Баян, ядуу, том биетэй жижиг биетэй хоёрын дунд тэгш эрх байхгүй бол баян нь ядуугаа, том биетэй нь жижиг биетэйгээ зодсоор байх болно. Тэгш эрх нь дотроо маш олон янз байдаг. Тухайлбал, ээж, аав, найзууд, багш, оюутан, дарга, алба хаагч хооронд дахь тэгш эрх гэж бий. Ер нь хэн нэгэн албан тушаал, гарал, үүсэл, хөрөнгө мөнгөөрөө бусдыг  дээрэлхэж, дарамталж боолчилж болохгүй.

-Та сая тэгш эрх нь маш олон янз гэж хэллээ. Монголын нийгэмд аль тэгш эрх нь илүү зөрчигдөж байна вэ?

-Манайд тэгш эрх тэр чигтээ зөрчигдөж байгаа. Ер нь тэгш эрхгүй нийгэм. Дээдэс, түшмэд нь феодлын нийгмийн үед л байсан зүйлүүд хоцрогдох ёстой ч одоог хүртэл дээдэс, ноён ярьсан хэвээрээ байгаа юм. Тэгэхээр феодализмаараа байгаа гэсэн үг.

-Тэгвэл таны бодлоор Монголын нийгэмд тэгш эрхийг хэрхэн бий болгох боломж байна вэ?

-Тэгш эрхийг Үндсэн хуульд тусгаж байж шийднэ. Энэ талаар илүү тодорхой байдлаар Үндсэн хуульд тусгаж, зөрчсөн нэгэнд нь хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй. Бүх шатанд тэгш эрх үйлчлэхгүй байна. Тухайлбал, их сургуулиудад оюутны эрх зөрчигдөж байна. Оюутнууд багшийнхаа үнэнийг хэлчихвэл шалгалтад оруулахгүй байж магадгүй гэдгээс айж, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхгүй байна. Их, дээд сургуульд оюутан багшаасаа айж болохгүй. Тэд мөнгөө төлөөд сурч байгаа учраас тэгш эрхтэй. “Багшаа таны ярьж байгаа лекц их доогуур төвшинд байна. Та энэ номыг уншаад лекц тавих уу” гэж хэлбэл тухайн оюутан дуусна гэсэн үг. Багш нь зууна гэдэг нь болно байх. Энэ бол тэгш эрх алдагдаж байгаа хэрэг. Мөн аль нэг газар төрийн медальтай нэгэн илүү эрх эдлэхийг санаархдаг. Эсвэл эцэг эхчүүд хүүхдээ заавал аль нэг сургуульд сурахыг шаарддаг. Хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргаж, сонголт хийж байгаа юм. Мөн найзуудын хооронд маш олон эрх зөрчигддөг. Нэг нь уулзаж чадахгүй гэвэл нөгөө хэд нь дургүйцдэг ч юм уу янз бүрийн хэл амаар гоочилж эхэлнэ. Хүнд үгүй гэж хэлэх тэгш эрх байх ёстой. Иймд тэгш эрхийг бий болгохын тулд  Үндсэн хууль байхаас гадна гэр бүл, сургуулийн орчин чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүүхдүүд багаасаа тэгш эрхийг сурч эхлэх хэрэгтэй. Ер нь хүүхдүүд бага насандаа маш сайн тэгш эрхийн мэдрэмжтэй байдаг. Тэгээд томрох тусам хулчгар болдог. Томрох тусам дуугүй болж, зохицож эхэлж байгаа юм. Сургуулийн орчинд хэн нэгэн илүү эрх эдэлж болохгүй. Хамгийн том гэмт хэрэг бол ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд олимпиад зохион байгуулж буй явдал. Энд хүүхдүүдийн тэгш эрх зөрчигдөж байгаа юм. Хүүхэд янз бүрийн хурдтай сурдаг. Гэтэл тухайн онцлогт тохируулахгүй байгаа юм. Багш ангийнхаа дөрөв, таван хүүхдийг ялгаж аваад тэднийгээ олимпиадад бэлдэж, тэдэнтэйгээ ажилладаг. Үлдсэн хүүхдүүд нь хичээл номдоо анхаарч байгаа зүйлгүй үлддэг. Тийм учраас олимпиадуудыг зохион байгуулахаа болих хэрэгтэй. Сурах гэдэг чинь уралдаан биш. Сурах гэдэг нь хүний оюун ухаан удаан хөгжих үйл явц юм. Үүнд хүлээцтэй байх ёстой.

 

Молор-Эрдэнэ-Сүүлийн үед хүмүүс аливаа зүйлийг эерэг гэхээс илүү сөрөг байдлаар харах болжээ. Энэ юутай холбоотой гэж Та бодож байна вэ. Ер нь таны хувьд нийгмийн сэтгэл зүйг хэр судалдаг вэ?

-Миний бичиж байгаа байнгын сэдэв бол нийгмийн сэтгэл зүй. Аль нэг газар хүний тэгш эрх алдагдаж байгаа учраас л хэрүүл маргаан, бухимдалтай байгаа нийгэм болж байгаа юм. Ямар нэг байдлаар албан тушаал ахидаггүй, цалин нэмдэггүй гэдэг юм уу, тэгш эрх байнга алдагддаг. Ихэвчлэн хангалттай мэргэжил, боловсролтой бус хуурамч этгээдүүд заль мэх, хууран мэхлэх аргаар дээшээ гарч, ахиж дэвших, ахиу орлого олох зорилгоор шийдвэр гаргах төвшинд очоод суучихсан байна. Харин авьяас, мэдлэг чадвартай хөгжлийг хурдасгах чадвартай хүмүүс эдгээр зальт этгээдүүдийн оронд ажиллах хэрэгтэй.

-Орчин үеийн нийгмийн сэтгэл зүй, өмнөх үеийн нийгмийн сэтгэл зүй ялгаатай байгаа байх. Ер нь нийгмийн сэтгэл зүй үе үеэрээ өөр байх юм уу?

-Нийгмийн сэтгэл зүй зарчим дээр тогтох ёстой. Нэгд, хүнийг алаг үзэж болохгүй. Бид бүгдээрээ адилхан. Феодализмын үед ноён, баяны хүүхэд, хаад ноёд гэдгээрээ илүү байсан. Өнөөдөр үүнийг ярих шаардлага байхгүй. Одон медалийн ч хэрэг байхгүй.

Хоёрт, бүх хүмүүсийг адилтгаж үзэхгүй байх. Хүн бүр янз бүрийн авьяастай байхад бүгдийг адилтгаж үзэх нь буруу. Сүүлийн үед хүнийг адилхан нүүр царай, бие бялдартай болгох гээд байгаа юм. Яагаад хүн өөрийн төрсөн царай, биеэрээ байж болохгүй гэж. Гуравт, хүний бодлыг нэг загварт оруулахгүй байх, хүн өөрийн бодлыг хэлэх, өөр санаатай байх, өөр сонголттой байх болгонд гайхаж байгаа юм. Энэ нь тэр чигээрээ хүний эрхийг зөрчиж байгаа юм.

-Сүүлийн үед хүмүүс сэтгэл хөдлөл, үзэл бодлоо сошиал орчинд түлхүү илэрхийлэх болсон. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйд сошиал орчин хэрхэн нөлөөлж байна вэ?

-Манай нийгэм нь феодализмын маягийн нийгэм учраас маш их нөлөөлж байна. Заавал мөнгөтэй, үнэтэй юм хэрэглэж байж хүлээн зөвшөөрөгдөх эсвэл хүнд тоогдох жишээтэй. Утасны дугаараас л эхэлж байгаа юм. Бусад орнуудад ийм зүйл байхгүй. Энгийн дугаартай байж яагаад болохгүй гэж. Манайхан харахад гоё машин, гоё утастай харагдаж байгаа ч сэтгэл зүйн хувьд феодализмаараа байна.  

-Феодализмын үеийн сэтгэлгээ гэдэг юм уу, энэ хуурамч байдал бус соёлт нийгмийг бүтээх залуустаа хандаж юу гэж захих вэ?

-Хамгийн гол нь хуурамч байж болохгүй. Өөрийнхөөрөө буюу  үнэн байх хэрэгтэй. Ном маш сайн унш. Хүн ном уншиж байж хөгжинө. Ярьж, хуулж, дуурайгаад хөгжихгүй.