Монголын тусгаар тогтнолын дайсан бол Далай лам
Улс тунхагласны баярын өдөр тохиож буйтай холбогдуулан "Монгол Улсын тусгаар тогтнол ба Далай лам" сэдвийн дор "Эксперт ярьж байна" ярилцлагын булангийнхаа энэ удаагийн дугаарт философич С.Молор-Эрдэнийг урьж ярилцлаа.
-Саяхан XIV Далай лам манай улсад дөрөв хоногийн хугацаатай айлчлал хийгээд буцлаа. Таны хувьд энэхүү айлчлалын өмнөхөн "Далай ламд монголчууд хэн болсноо харуулах цаг эхлэх нь ээ" гарчигтай нийтлэл бичиж хэвлүүлсэн нь нийгэмд багагүй шуугиан тарих шиг боллоо?
-Далай лам Монголын тусгаар тогтнолыг үл тоосондоо уучлалт гуйх хэрэгтэй.
- Тийм гэж үү. Яагаад уучлалт гуйх ёстой гэж?
-Би үүнд ноцтой үндэслэл хэлье. Юуны өмнө хамгийн нэгдүгээрт, бидний тусгаар тогтнолыг үл тоож дэлхий нийтийн өмнө Монголыг ичгэвтэр байдалд орууллаа. Гадны хүн улс оронд нь орж ирээд ард түмний ухаан санааг үймүүлээд, улстөрийг нь бужигнуулаад, зүв зүгээр явж байсан өдөр тутмын ажил амьдралд саад хийгээд, интернетээр хүмүүсийг орилж хашгируулж зодолдуулаад, дотор нь хагарал үүсгэж нэг нэгнийх нь өмнөөс сөргөлдүүлж дайсагнуулаад сүүлдээ бидний эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд хүндрэл, хохирол учруулаад дипломат ёсонд алдаа гаргуулаад ингээд яваад өглөө.
Өмнө нь ч ингэдэг байсан. Ийм хүмүүсийг эх орондоо оруулж ирэн чөлөөтэй явуулж бүр зарим нь магтан дуулж буй энэ байдал бол бид ямар гэнэн томоогүй, хүний үгэнд орж, мухар сүсэгт автаж, ирээдүйн хөгжлөө устгаж байгаагаа дэлхий нийтэд харуулсан явдал юм.
Дэлхий нийт биднийг хараад үнэндээ шоолж байна. Энэ Монгол гэж яасан арчаагүй орон бэ гэж. Зүгээр нэг хүн дуртай цагтаа орж ирээд л бужигнуулж амьдралыг нь үймүүлчихээд л гараад явчихдаг. Ямар визээр, хэний урилгаар орж ирсэн нь мэдэгдэхгүй. Одоо бол Далай ламыг хэн урьсан нь мэдэгдэхээ больчихоод байна шүү дээ.
Энэ нь үндсэндээ биднийг оюун санааны хувьд тусгаар тогтносон орон биш гэдгийг харуулчихлаа. Хэн ч хамаагүй орж ирээд хооронд нь хэрэлдэж, зодолдуулчихаад яваад өгөх боломжтой ийм замбараагүй, эх захгүй эзэнгүй улс орон гэдгийг харуулчихлаа.
Манайхаас өөр бусад улс орнууд энэ Далай ламыг тэгж хамаагүй хилээрээ нэвтрүүлдэггүй. Хаагуур явах, хэнтэй уулзах, юу ярихыг нягталж шалгаж байж эх нутагтаа оруулдаг.
Далай лам ирэхийн өмнөхөн Хятадын талаас мэдэгдэл хийгээгүй бол Монголын улс төрчид Далай ламыг ийш тийш нь авч явж, хөөрч давхиад, газар нутаг, уул усаа бэлэглэх байсан биз. Аягүй бол одоо үлэг гүрвэлийн музей болгочихоод байгаа Лениний музейг бэлэглэх байсан болов уу.
Монголын баячууд нь хурдан морь, жийп, байшин барилгаа бэлэглэх байсан биз. Сүхбаатарын талбай дээр юу, юу болох байсан бол. Энэ бүгдийгээ эд нар хийж чадаагүй. Хэрвээ саяны ярьсан зүйлүүдийг хэрэгжүүлсэн бол ичгэвтэр юм болох байсан шүү. Далай лам бид нарыг ичгэвтэр байдалд оруулахаасаа илүү бид нар өөрөө өөрсдөө хөл алдаж, өөрсдийгөө шившиг болгох байсан шүү. Одоо манай улс төрийнхөн Далай ламыг ирээд буцсаны дараа өмнө нь хийх гээд төлөвлөсөн ажлууд нь бүгд нураад шоконд орчихсон сууцгааж байна. Эд нар гэртээ, албан өрөөндөө бүгдээрээ Далай ламын зурагтай. Түүнийгээ шүтээд сууж байдаг .
Хоёрдугаарт, одоо Монголд хахир өвөл эхэлж байна. Бид Оросоос шатахуун, Хятадаас хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл, барилгын материал гээд хамаг юмаа зөөх ёстой. Бидний эдийн засаг тэр чигээрээ Хятад дээр тогтож байгаа. Ийм байдалтай байхад биднийг урд хөрштэй зөрчилдүүлээд, цаашид хамтран ажиллах хөгжлийн чухал чухал төслүүдийг зогсоогоод өвлийн хүйтэнд монголчуудыг хүнд байдалд оруулчихаад яваад өглөө. Магадгүй энэ нь даамжирсаар зөвхөн улс төрийн хямрал биш бүр эдийн засгийн хямрал болох гээд байна. Далай лам Хятадтай биднийг муудалцуулж Монголын улс төрийг төдийгүй эдийн засгийг хүнд байдалд орууллаа.
-Улс төрийн хямрал гэдгээр та яг юуг хэлж байна?
-Улс төрийн хямрал гэдгээр Монгол орон улс төрийн бодлогоо бие даан явуулах чадваргүй юм байна, Монголын улс төр Далай ламд ялагдаж байна, Далай лам Монголын улс төрөөр зүгээр тоглочихоод яваад өглөө гэдгийг хэлж байгаа юм. Одоо Монголын улс төр Хятадын улс төрийн өмнө өртэй үлдсэн. Хятадын Гадаад яамнаас хийж байгаа мэдэгдлүүдийг хар. Тэд өндөр түвшинд ажиллаж байна. Гэтэл бид эргүүлээд өндөр түвшинд хариулт өгч чадах уу? Чадсангүй. Яагаад гэвэл чадваргүй учраас тэр.
Гадаадын өндөр түвшинд ирүүлсэн мэдэгдэлд бид тохирох хариултыг өгч чадахгүй сууж байна. Энэ чинь улс төрийн гүн хямдралд орсны тод жишээ.
-Тэгвэл Далай ламын тухай таны тайлбар? Далай лам бол Монгол туургатны шашны тэргүүн хэмээн шүтэж бишрэх нэгэн ч бас байна шүү дээ?
-Монголчууд яагаад Далай ламыг хараад үхчих гээд байгаа юм бэ? Яагаад төвдүүдээс айгаад байдаг вэ? Төвдүүд мундаг, Далай лам мундаг, Далай лам их багш, Далай ламыг хэн ч шүүмжилж болохгүй, хэн ч эсэргүүцэж болохгүй гэсэн ийм нэг уур амьсгал, сургааль ч юмуу нэг юм Монголчуудын дунд яваад байна. Тэгэхлээр ямар нэг сүсэг бишрэл, сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр авч үзвэл Төвд гэдэг бол Хятадын харьяа, төвдийн иргэн бол хятадын иргэн. Далай лам ч мөн адил Төвд орны буюу Хятад орны иргэн. Төвд гэдэг орон бол мухар сүсэгт унаад боловсрол, эрүүл мэндийн орчин үеийн эмнэлэг, сургууль байхгүй, дэлхийн хөгжлөөс хэдэн зуун жилээр хоцорчихсон арчаагүй ийм л орон. Улс орноо ийм болгосон нь Далай лам.
Төвд орон өнөөдөр ингэж мухар сүсэгт идэгдсэн нь Далай ламын тарьсан гайтай холбоотой. Далай лам энэ ард түмний шим шүүсийг сорж эд баялаг, сайн сайхныг нь өөртөө эзэмшсэн. Далай лам бол яах аргагүй Хятадын иргэн. Хятадын эсрэг улс төрийн үйл ажиллагаанд оролцож, гадаадаар доншуучлан явдаг ийм л этгээд шүү дээ.
Хятадын эсрэг "Төвдийг чөлөөл" гэсэн хөдөлгөөн зарлаж, Хятадын эсрэг улс төрийн байгууллагууд, ялангуяа АНУ-ын тагнуулын байгууллагуудаас маш өндөр цалин авдаг. Үнэхээр улс орныхоо төлөө явж байгаа хүн бол улс орондоо, ард түмэнтэйгээ хамт байх ёстой биз дээ. Энд тэндээс мөнгө авч, гадуур тэнэж яваад яах юм? Ийм л хүн. Өөр зүйл байхгүй.
-Тэгвэл Монголчууд яагаад ийм хүнийг нийтээрээ шүтээд байна вэ?
-Уг нь аль 100 жилийн өмнө бид энэнээс салсан. Бид бол Төвдийн дарлалд олон зуун жил зовсон хүмүүс. Энэ хооронд бидний бүх юм төвд болчихсон. Төвд лам нар орж ирээд нэн түрүүнд Монголчуудын нэрийг өөрчилсөн. Бүгд төвд нэртэй болцгоосон. Бидний ээж, аав, эмээ, өвөө нарын нэр дандаа төвд. Сүбэдэй гэсэн Монгол хүн ховор. Чингис гэсэн Монгол хүн ховор. Гэтэл Данзан, Гочоо гэсэн Монгол хүмүүс олон бий.
Бидний нэрийг өөрчлөөд дараа нь Монголчуудын үлгэр домгуудыг бүгдийг нь өөрчилсөн. Бүгдийг нь богд болгосон. Сайн анзаарвал Монгол үлгэрийг баатрууд дандаа Богд байгаа. Эсхүл дандаа Богдоос адис авч байгаа дүр, дүрслэлтэй. Оюун санааны, ухаан сэтгэлийн том хордлогонд орсон ийм л ард түмэн. Тийм учраас бид үлгэр домгоо уншихаар төвдүүдийг уншдаг, ээж аавыгаа дуудахаар төвд нэр дууддаг, бүх сүм хийдүүд төвдөөр бичсэн номтой, төвд хэл дээр ном уншдаг. Эх хэлээ Монгол хүн дорд үзэх болсон. Төвд хэлийг шүтдэг. Ингээд Монгол оронд Монгол хэл хэрэг дээрээ албан ёсны хэл биш мэт. Төвд хэл албан ёсны хэл мэт. Бидний бүх юм төвд хэл дээр. Даваа, Мягмар, Лхагва... гээд гарагийн нэр хүртэл. Тиймээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл бид нэн тэргүүнд Төвдөөс чөлөөлөгдөх хэрэгтэй. Бид оюун санааны хувьд төвдийн боол болсон байна. Энэ бол арай дэндүү гутамшиг. Тиймээс бид тусгаар тогтнол ярихын өмнө эхлээд Төвдөөс оюун санааны хувьд чөлөөлөгдөж, оюун санааны тусгаар тогтнолоо олж авах хэрэгтэй. Ядаж л эмнэлэг, сургууль, төрийн байгууллагууд, их сургуулиудаасаа Далай ламын зургийг гаргаж хаях хэрэгтэй.
Шатааж хэрэггүй, гэр хорооллын айлууд түлж дулаацсан нь дээр. Тусгаар тогтнолынхоо өдрөөр ядаж Далай ламаас чөлөөлөгдөцгөөе.
-Таныхаар Далай лам Монголд айлчилсан цаад үнэн зорилго нь юу байв?
-Хятадтай биднийг муудалдцуулж, Хятадын хилийг хаалгах гэж оролдож байна. Өнөөдөр Орос, Хятад хоёр хилээ хаалаа гэж бодоё. Тэгвэл юу болох вэ? Бид өвлийн хүйтнийг давмаар байна, амьд үлдэж оршин тогтномоор байна. Шатахуунгүй, хувцас хунар, бараа тавааргүй бид яах билээ? Бид Хятадаас эдийн засгийн хувьд бүрэн хамааралтай болсон нь хэний буруу вэ? Бидний өөрсдийн буруу. Социализмын бүтээн байгуулалтаа устгаж, аж үйлдвэрээ устгасны гай. Үнэн хэрэгтээ өнөөдөр бидэнд дангаараа өөрөө өөрсдийгөө аваад явчих чадвар алга. Ямар ч боломж байхгүй.
Японоос бараа таваар авчирья гэх хүмүүс байдаг. Хүсэх юм бол үүнийг нь Орос, Хятад хоёр нутаг дэвсгэр дээгүүрээ нисгэхгүй байж чадна. Тиймээс онгоцоор зөөнө гэдэг үлгэр. Алсын Америк биднийг харин ч нэг тоохгүй. Тэд бол ядуу орнуудыг газрын баялгийг нь авч хөгжилгүй чигээр нь орхидог ийм л туршлагатай орон. Америкийг дагаад хөгжсөн орон байхгүй. Тэгвэл Орос орон, Хятад орныг дагаад хөгжсөн ард түмнүүд зөндөө бий.
Үүнийг үгүйсгэж болохгүй.
Дахин хэлэхэд Далай лам бид нарыг доромжилчихоод явлаа. Зуны дэлгэр цагт ирэхгүй яг хахир өвөл эхлэхийн өмнөхөн бэлдэж тооцоолж байгаад ирж байгаа биз дээ. Хятадуудтай муудалцуулчихлаа. Одоо дараагийн ажилдаа орж биднийг Оросуудтай муудалцуулж, Оросын хилийг хаалгана. Энэ бол цаанаасаа Америкийн тагнуулын газрын даалгавар. CIA Америкийн тагнуулын газраас мөнгө авдаг нь интернетэд тавигдчихсан, нийтэд ил болсон мэдээлэл. Хэн ч ороод уншчих боломжтой.
Сая ирэхдээ хүртэл Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль, Трамп, улс төр ярьж байгаад явлаа шүү дээ. Бид нарт л лам хувцастай харагдаад байгаа болохоос цаанаа шал өөр хүн. Монголыг Орос Хятадын эсрэг тавьж хоёр дахь Украин болгох гэж байна. Юун бидний тусгаар тогтнол. Ингээд Далай лам энэ удаагийн томилолтынхоо зорилгыг биелүүллээ. Дараагийн даалгавараа биелүүлэхийн тулд дахиад ч ирэх болно.
Биднийг дэмжиж туслаж байгаа хоёр хөршөө гомдоож, алс холын мухар сүсэгтэй, хаа нэг газрын даалгавартай доншуулч этгээдэд дээд түвшинд доромжлуулаад, эцэстээ хоорондоо хэрэлдэж зодолдоод, хуваагдаж талцаад үлдэнэ гэдэг бол Монгол хүн хэн бэ гэдгийг л харуулж байна. Бид дэндүү арчаагүй байна.
Төвдүүд биднийг оюун санааны хувьд мунхруулж, доромжилж, Манжтай нийлж ноёлж ирсэн. Манж унасны дараа дангаараа ноёлох болж Орос, Хятадын эсрэг турхирч хөгжиж дэвшихэд саад болсоор ирсэн түүхтэй. 1930-аад оны хэлмэгдүүлэлт бол төвдийн хэлмэгдүүлэлт.
Төвд лам нар Монгол лам нарыг турхирч эмнэлэг сургуультай болж, хөгжиж дэвшихийг зогсоох гэж оролдсон. Түүнээс биш Оросууд, Хятадууд бидэнд туслаж л байсан уу гэхээс хэлмэгдүүлээгүй шүү. Өнөөдрийн Улаанбаатарын барилгуудыг л хар. Хэдийг нь Оросууд, хэдийг нь Хятадууд барьсан байна? Хятадууд өнөөдөр ч Улаанбаатарын шилэн барилгуудыг барьсаар л байна. Монголын боловсролтой сэхээтэн хүмүүсийн ихэнхи нь Оросод боловсрол эзэмшсэн шүү дээ. Монголын их сургуулиуд, намынхан бүгд Оросын дипломтой. Монголын баячууд бүгдээрээ л социализмын бүтээн байгуулалтыг хуушуурны мөнгөөр хувьчилж авч баяжсан биз дээ. Оросод боловсрол эзэмшиж диплом авчихаад одоо Далай ламыг шүтээд гүйж байна гэдэг гутамшиг биз дээ. Ямар том ялагдал вэ. Европд сурсан хичнээн залуучууд байна. Гэтэл дийлэнх нь мухар сүсэгтэй байна шүү дээ. Монголчууд Далай ламын шавь нар биш биз дээ? Монгол орон мэдлэг боловсролын орон болохоос мухар сүсгийн орон биш биз дээ? Төрийн ордонд улс төрчид төрийн өндөр албан тушаалтнуудын өрөө, их сургуулиудын тэнхимүүд, профессоруудын өрөө тэр чигээрээ Далай ламын хөрөг зургаар дүүрэх үү? Монгол орон Далай ламын орон биш биз дээ?
-Бид яагаад ингэж их мухар сүсэг рүү хошуурах болов? Бас яагаад өдий болтол төвдийн тархи угаалтаас тусгаар тогтнож чадахгүй байна вэ?
-Энд гурван том төөрөгдөл яваад байдаг. Эхнийх нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг Төвдүүд өөрсдөөсөө зайлуулж, Оросууд, Хятадууд та нарыг хэлмэгдүүлсэн шүү гэж биднийг мунхруулсан явдал. Хар л даа. Өнөөдөр Далай лам юу ч хэлсэн үнэмшихэд бэлэн байна шүү дээ. Тэгвэл 30, 40 онд интернет байтугай бичиг үсэггүй Монголчууд бүр ч амархан үнэмшинэ биз дээ. Хятад Орос нийлж байгаад биднийг Улаанбаатар гэсэн хоттой, бичиг үсэгтэй, эмнэлэг сургуультай болгосон.
Дараагийнх нь социализмын тухай худлаа тайлбар. Социализмын үед л Монгол орон аж үйлдвэртэй болж, том том бүтээн байгуулалтыг хийж, хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн хөгжсөн.
Гуравдахь төөрөгдөл бол ардчилал Монголчуудыг аварна гэсэн төөрөгдөл. Гэтэл өнөөдрийн бүх зүйл сургууль, эмнэлэг, том компаниуд бүгд социализмын бүтээн байгуулалт дээр түшиглэж, социализм дээрээс босч ирсэн. Ардчилал Монголын хилийг нээгээгүй. Дэлхий ертөнц хоёр том систем нурахад нээлттэй болсон болохоос ардчилал энд ямар ч гавьяагүй.
Мухар сүсэгт автана гэдэг биеэ даах чадваргүй, арчаагүй, айдастай хүний л хийдэг ажил шүү дээ. Бид яах гэж Далай ламыг шүтэж байгаа юм бэ? Бүгдээрээ 100 жилийн өмнөх шигээ эмнэлэг сургуулиа хаагаад сүмд шавилан суух уу? Хэн биднийг ийм болгох гээд байгаа юм бэ? Монгол орноо хамгаалах улс төрийн бодлоготой гэж бодсон байхгүй байна шүү дээ. Монголчуудыгаа хөгжүүлэхийн төлөө, ирээдүйнхээ төлөө ажиллаж байгаа төртэй гэж бодсон чинь байхгүй байна шүү дээ. Нөгөө Үндсэн Хуулийн Цэц хаа байна? Нөгөө Үндэстний Аюулгүй Байдлын Зөвлөл хаа байна? Нөгөө Стратеги, Бодлогын хүрээлэнгүүд хаа байна? Далай лам ирээд буцахад Монголын улстөрд онц, ноцтой сөрөг үр дагавар гарах болно гэсэн анализ, дүн шинжилгээ хаа байна? Эд нар зөв ажиллаж чадсан бол бид өнөөдөр Хятадын өмнө ийм ичгэвэртэй байдалд орохгүй байх байсан. Тусгаар тогтнолын өдөр л гэнэ. Эцсийн эцэст бид хэнээс тусгаар тогтносон юм бэ?
-Одоо тэгээд яах вэ?
-ҮАБЗ ажлаа хийх хэрэгтэй байна. Дараагийн үйл ажиллагаанаас сэргийлж арга хэмжээ авах хэрэгтэй. Далай лам биднийг Оростой муудалцуулахаар дахиж ирнэ. Тиймээс дахиж ойрын хэдэн арван жилд ирүүлэхгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй. Олон улсад үүнийгээ зарлах хэрэгтэй. Далай ламыг Монголын ард түмнээс уучлалт гуйлгуулах хэрэгтэй. Далай лам дахиж би танай оронд очиж гай тарихгүй, уучлаарай. Танай эдийн засгийн хамгийн том хөрш Хятад орныг ийм мэдэгдэл хийлгэхэд хүргэсэндээ маш их гэмшиж байна гэж хэлүүлэх хэрэгтэй.
Тэгэхгүй бол одоо энэ улс төрийн хямралаас болж эдийн засгийн хямрал улам гүнзгийрнэ. Эдийн засаг хямарна гэдэг нь хүмүүс өлсөнө гэсэн үг. Хүмүүс өлсөхөөрөө яахаас ч буцахгүй болдог. Хамгийн түрүүнд гэр хорооллынхон өлсөж эхэлнэ. Зайсангийнхан өлсөхгүй. Тэгээд яг 1990 оны жороор картын бараанд оруулна. Аливаа нэг улс орныг авахын тулд зориуд хоол ундны асуудлыг хиймлээр бий болгож, картын бараанд оруулдаг. Энэ бол сэтгэл зүйн хувьд шоконд оруулж, айлган сүрдүүлэх арга. 1990 онд биднийг өлсгөж картын бараанд оруулж байгаад хулгайч нар төрийг авсан бол одоо гадныхан ирж төрийг аваад Украин-2 болгоно. Гадны колоничлогчид ирэх бэлтгэл ажлыг Далай лам хийчихээд явлаа. Далай лам гэж бууны нохой одоо бүхэл бүтэн улс орныг Орос, Хятадын эсрэг бууны нохой болгох гэж байна. Яг Украинтай адилхан.
-Манай төрийнхөн, УИХ-ын гишүүд хэр ажиллаж байна гэж Та харж байна?
-Улс төр гэдэг чинь дөрвөн жилд нэг хийдэг сонгууль төдий зүйл биш. Сонгууль бол намуудын хийдэг жижиг улстөр. Том улстөр бол улс орноо авч явах, улсын Төр гэсэн үг. Том улстөрд Монгол хүнээ бэлдэх тогтолцоо байхгүй байна. Жижиг улстөрдөө л гарамгай байна. Яаж сонгууль хийж хоорондоо хэрэлдэж зодолдохдоо л сайн. Харин намаасаа дээгүүр гарч ирээд том улстөр хийж, төр улсаа авч явах, олон улсын тавцанд гарч ажиллах чадвар алга. Яагаад гэвэл бэлтгэгдээгүй учраас тэр. Төрд зүтгэж байгаа гэх улсууд ядаж улстөрийн онолын суурь бүтээлүүдийг хүртэл уншаагүй сууж байх жишээтэй.
Улстөрийн хямрал гээд байгаа нь манайд чадавхи бүрдээгүй байгаатай холбоотой. Манай Гадаад хэргийн сайдын хийж байгаа мэдэгдлийг хар л даа. Час хийсэн хариулт өгч чадахгүй байгаагийн цаад учир нь эд нарт тийм боловсрол байхгүйтэй холбоотой. Эд нар дунд Платон, Аристотелийн улс төрийн онолын ном уншсан хүн байна уу? Хятадын талын мэдэгдлийг харав уу? Нил Күнзийн сургааль, философи явж байна лээ шүү дээ. Тиймээс хариулт нь гэсэн мөн маш сайн бодож боловсруулсан философийн өндөр түвшинд хариулт өгөх хэрэгтэй.
Ярилцсан сэтгүүлч Р.Улам-Оргих
Эх сурвалж: Zuv.mn, 2016 оны 11 сарын 26