БҮХ ХҮМҮҮЖИЛ, БҮХИЙ Л АМЬДРАЛЫН УГ ҮНДЭС ХАЙР ДЭЭР ТОГТОХ ЁСТОЙ




 БҮХ ХҮМҮҮЖИЛ, БҮХИЙ Л АМЬДРАЛЫН УГ ҮНДЭС ХАЙР ДЭЭР ТОГТОХ ЁСТОЙ

   2016 ОНЫ 04 САРЫН 21

Философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа. Монголд философийг герман, англи хэл дээр зэрэг судалсан судлаач тун ховор. Тэрбээр аливааг бусдаас өөр нүдээр хардаг хүн шиг санагддаг. Түүнтэй хэдэн цагаар ч хамаагүй ярилцахад үнэхээр уйдамгүй.

 

Хүнд яагаад заавал ёс суртахуун гээч зүйл хэрэгтэй юм бэ?

 

Ёс суртахуун буюу олон улсын хэллэгээр морал бол сайн, мууг ялгах чадвар шүү дээ. Аливаа зүйлийг сайн хийх, үр дагавар нь сайн байх. Анх сэдсэн сэдэл, хүсэл эрмэлзэл сайн байх. Тэр нь хэнд сайн байх вэ гэхлээр бүгдэд сайн байх. Бүр тодруулбал нийгэмд, хувь хүнд, гэр бүлд сайн байх ёстой л доо. Ёс суртахууны чинь цаана дахиад ёс зүй гэсэн ойлголт байгаа. Олон улсын нэрлэгээгээрээ этик юм даа. Этик буюу ёс зүй нь зөвхөн хувь хүмүүсийн харилцаанд бус нийгэмд үйлчилж байгаа компани, төрийн байгууллага, урлаг соёлын байгууллагууд бүгд ёс зүйтэй байхыг хэлж байгаа юм. Тэр дундаа мэргэжлийн байгууллагууд, тухайлбал эрүүл мэнд, анагаахын байгууллагууд, эсвэл боловсролын байгууллагуудын хийж буй зүйлийн үр дагавар нь ард түмэнд сайн байх. Жишээ нь улс төрийн нам байлаа гэхэд түүний хийж буй ажил нь ард түмэнд сайн үр дагавартай байх ёстой гэсэн үг. Ердөө л энэ шүү дээ. Морал нь хувь хүмүүс хоорондоо, нэг нэгэндээ сайн байх. Этик нь болохоор нийгэм дэх байгууллагууд хоорондоо харилцан бие биедээ сайн байхыг хэлж байгаа юм

 

Хүн амьтнаас морал, этик, бас оюун санаагаараа ялгаатай гэдэг. Гэтэл амьтанд бас этик байдаггүй гэж үү. Жишээ нь нохой өөрийг нь тэжээсэн эзэндээ үхэн үхтлээ үнэнч байж, эцсээ хүртэл хамгаалдаг шүү дээ?

 

Нохой өөрөө тэрийгээ этик гэж мэдэхгүй л дээ. Би ёс зүйтэй ажил хийж байна гэж амьтан өөрөө ойлгохгүй шүү дээ. Амьтны өөрийнх нь байгалийн цаад мөн чанар нь нэг нэгнээ, эсвэл хэн нэгнийг хамгаалах, үр удмаа үлдээх явдал. Нохойг жишээ нь сургаж, дасгаж байж тийм болж байгаа шүү дээ. Тэгэхгүй бол нохой танихгүй хүнийг хазаж л орхино. Хүн бол таньдаг ч бай, таньдаггүй ч бай бие биедээ сайн хандах ёстой

 

Далай лам “Хүн төрөлхтөн ёс суртахуунтай болсон цагт дэлхий дахин амар амгалан болно” гэж айлджээ. Гэвч бодит амьдал дээр хаана хүмүүс байна, тэнд дайн дажин, бусармаг явдал байсаар байх биш үү?

 

Далай лам их л алдаатай хэлж. Уул нь бол бүх хүн шашинлаг, бурханлаг болвол энэ бүх муу муухай устана гэж хэлэх ёстой байсан болов уу. Далай лам чинь өөрөө шашны л хүн. Шашин заримдаа ёс суртахуунгүй шүү дээ. Гандан хийд хүнээс мөнгө авч байгаа. Уг нь бол хүнээс мөнгийг нь авалгүйгээр чамд тусалъя, ном уншиж өгье гэдэг байгууллага байх ёстой юм биш үү. Харин дайн дажингийн тухайд ёс суртахуунгүйдээ дайн хийж байгаа юу гэдэг асуулт гарч ирнэ. За бараг ёс суртахууны төлөө дайн хийж байгаа. Ер нь бол дайн гэдэг юм анх яаж үүссэн гэхлээр өөрийнхөө ард түмэн, улс орныхоо төлөө сайныг хийхийн тулд хүн төрөлхтөн дайтаж эхэлсэн шүү дээ. Өөртөө сайныг үйлдэхийн тулд бусдад муу зүйл хийж байна гэсэн үг л дээ. Эх орноо хамгаалахын төлөө цэрэгт явсан хүн дайсныг буудаж алж л таарна. Бид нар эх орноо аврахын тулд хүн алж байгаа хүнийг ёс суртахуунгүй гэж хэлж болохгүй. Өнөөдөр ч гэсэн бүх улс орнууд өөрийнхөө төлөө дайн хийж байгаа. Харин бүх дэлхийн энх тайван, амар амгалан байдлын төлөө ажиллах ёстой НҮБ ажлаа хийж чадахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Олон улсын хүний эрхийн байгууллагууд биднийг ёс суртахуунтай бай. Хүний эрхийг бүү зөрч. Бие биенээ хүндэтгэ гэж байнга сануулж хэлж байгаа шүү дээ. Гол нь хэт улстөржсөн, хэт мөнгөний хойноос шунахайрсан компаниуд, зэр зэвсэг хөөцөлдсөн бүлэглэлүүд дайныг өдөөгөөд байгаа болохоос биш хувь хүн дайн өдөөгөөд байгаа зүйл байхгүй л дээ

 

Тэгвэл шашнаас болж хийж буй орчин үеийн энэ дайн ёс суртахуунтай дайн мөн үү?

 

Шашны дайн бол шал өөр шүү. Шашин чинь тэс ондоо байгууллага. Шашин бол нийгмийн байгууллага, боловсрол, эрүүл мэндийн байгууллага биш. Шашин бол өөрөө өөрийнхөө итгэл үнэмшлийн төлөө ажилладаг байгууллага. Өөрөө өөрийнхөө хэлснийг л үнэн гэдэг. Өөрөө өөрийнхөө төлөө л ажилладаг. Тэнд бол ёс суртахуун тэр байгууллага дотроо л агуулагдана. Нийгэмд бол шашны ёс суртахуун чухал биш шүү дээ. Христийн шашны гишүүн бол христийн шашныхантайгаа л ёс суртахуунтай байхаас биш өөр шашныхантай бол тэр хүн таарахгүй. Буддистууд буддистуудтайгаа найзалж нөхөрлөнө. Өөрийнхөө шашныг амжилттай, мөнгөтэй, чадалтай байлгахын тулд өөр шашин саад болсон учраас тэрэнтэйгээ үзэлцэж байгаа юм л даа. Шашин бол нийгэм дотор нэг л биеэ даасан байгууллага. Уг нь бол ард түмнийг ёс суртахуунтай болгоход шашин хувь нэмрээ оруулвал сайн юм сан. Гэтэл манай монголд өмнө нь байсан. Шинээр орж ирсэн шашны урсгалууд манай ард түмнийг ёс суртахуунтай болгох нь битгий хэл өөрийнхөө зорилгод ашигладаг, мөнгөөр дарамталдаг ийм л хачин зэрлэг, хүмүүнлэг биш байгууллагууд болчихсон байна. Сүүлд мүүн гарч ирлээ шүү дээ. Мүүн чинь шашин биш юм байна лээ.  Бас л нэг мөнгө олж, санхүүгийн хувьд монголчуудыг зальдах гэсэн тийм л байгууллага байх жишээтэй. Мэдээж хүнийг хайрлана гэдэг нь алхам тутамдаа бүх хүнд хайр зарлаад “хайртай хайртай” гээд яваад байна гэсэн үг биш л дээ.

 

Хүүхдийг ёс суртахуунтай хүн болгохын тулд хүмүүжлийн ямар арга барилыг хэрэглэх ёстой гэж боддог вэ?

 

Бүх хүмүүжил, бүхий л амьдралын уг үндэс хайр дээр тогтох ёстой. Хүн хүнээ хайрлах, хүүхдээ хайрлах, хүүхдийнхээ өмнө хайр гэдгийг харуулах, хүүхэд цаашаагаа таньдаг хүнээс гадна танихгүй хүнийг хайрлаж чаддаг ёс суртахуунтай болж хүмүүжих. Гол нь энэ их чухал. Мэдээж хүнийг хайрлана гэдэг нь алхам тутамдаа бүх хүнд хайр зарлаад “хайртай хайртай” гээд яваад байна гэсэн үг биш л дээ. Сэтгэл дотроо хайрлах. Энэ хүн битгий зовж, ядраасай. Хүнд тусламж хэрэгтэй бол дэмжээд тэтгээд, амьдралд нь тус болохыг хэлээд байгаа юм л даа. Энийг л хүүхдэд сургах ёстой. Тусч, өгөөмөр болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж бүх юмаа хүнд өгөөд тавиад туучих гэж хэлж байгаа юм биш. Боломж байвал боломжоороо хүнд туслаад, хүнийг хайрлаад, хүндэтгээд яв л гэсэн үг. Тэрнээс биш энэ дэлхий нэг л их том хайр зарласан гэсэн үг биш шүү. Хорвоо ертөнц, нийгэм, улс орон өөрөө хайрлаж мэддэг байх ёстой. Хайрлана гэдэг чинь үйлдэл шүү дээ. Үйлдлээр хайр харагдах ёстой болохоос энэ хайр байна гэж хэн ч олж мэдэхгүй. Тиймээс хайрыг үйлдлээр харуулах ёстой. Үйлдэл өөрөө хайрын илрэл байх учиртай. Ёс суртахуун эндээс эхэлнэ. Эндээс хүнийг хүндэтгэх эхэлнэ. Адаглаад мэндлэхээс эхэлнэ. Сайн уу, баяртайгаас. Цаашлаад ахмад хүнийг хүндэтгэх. Учир зүггүй хүнийг ялгаад байхгүй. Зарим хүн өөрийнхөө гэрийнхнийг л хайрладаг, бусдыг хайрладаггүй болж хүмүүжиж байна. Зөвхөн өөрийнхөө хүүхдийг хайрладаг, хүний хүүхдийг хайрладаггүй аавыг аав хүн гэж хэлэх хэцүү дээ. Зөвхөн өөрийнхөө охинд хайртай ээжийг ямар ээж гэх юм бэ. Манай монголын энэ нэг нутаг усаар талцсан, танай нутаг, манай нутаг гэдэг чинь их буруу. Ийм нөхцөлд монголчуудтай ёс суртахуун ярих үнэхээр хэцүү. Угаасаа монголын нийгэм бүр анхнаасаа, сууринаасаа эхэлж ёс суртахууныг үнэлж, хүмүүст түгээн дэлгэрүүлж, зуршил, заншил болгож чадаагүй учраас бид өнөөдөр ёс суртахуун гэдэг үгийг л яриад байгаа болохоос биш үйлдэл болгож чадаагүй. Хоёулаа цонхны цаадахь машины түгжрэлийг л харъя л даа. Тэнд явган хүний гарцыг цагаан зураас татаад заачихсан байна. Гэтэл энэ цагаан зураасаар машинтай хүмүүс дайрчих шахаад өнгөрдөг нь бодит үнэн шүү дээ. Наад захын гудамжны амьдралаас монгол хүний ёс суртахуун ямар бүдүүлэг, дорой байгааг харж болно. Монгол хүнд ёс суртахуун ярих үнэндээ хэцүү шүү

 

Таны ярианаас хайраар өлгийдүүлж өссөн хүүхэд ёс суртахуунтай болдог юм байна гэж ойлголоо. Эсрэгээрээ хайрлуулж үзэлгүй өссөн хүүхэд ёс суртахуунгүй хүн болж төлөвших юм байна гэж ойлгож болох уу?

 

Хайраар дутсан хүүхэд хэцүү нь хэцүү л дээ. Гэхдээ сайн хүн таарч болно шүү дээ. Олигтойхон багш, аштайхан найз азаар таарах юм бол хүүхэд насных нь сэтгэлийн дутагдал доголдлыг нөхөж, засч өгч болно л доо. Гол нь сайн хүнтэй л таарах хэрэгтэй. Аз таарах юм бол шүү дээ. Тэгэхгүй бол хэцүү дээ

 

Социализмын үед сахилга бат гэж их ярьдаг байлаа. Сахилга баттай байна гэдэг ёс суртахуунтайн илрэл мөн үү?

 

Ёс суртахууны нэг хэсэг мөн. Ёс суртахуун чинь өөрөө дотроо их олон янз. Чи сая социализм гэж ярилаа. Би социализмын үед 48 дугаар сургуульд байхдаа сургуулиас зохиосон “Эрдмийн далай” уралдаанд түрүүлж, сонин дээр гарч байлаа. Эрдэм нь юу байсан бэ гэвэл арвич хямгач, сахилга бат, дэг журам, мэндлэх хүндлэх ёс, ариун цэвэр гэсэн таван ёс суртахуун байсан юм. Сонирхолтой байгаа биз. Бусад хүүхэд шатрын тэмцээнд, эсвэл биологийн олимпиадад түрүүлээд сонин дээр гардаг бол би ёс суртахууны уралдаанд түрүүлж, сонин дээр гарч байсан гэсэн үг. Сахилга бат гэдэг чинь нэг талаас өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг дарж сурах юм шүү. Ууртай бол уураа барьж сурах, онгирвол онгироогоо дарж сурах, цаашилбал нэг нэгнээ хүндлэх. Би багаасаа хүнийг их хүндэтгэдэг хүүхэд байсан. Дэг журамтай, ариун цэвэрч, гоо зүйтэй, арвич хямгач байх. Арвич хямгач гэхээрээ дэмий зүйлд мөнгө үрэхгүй байх чинь орно. Өнөөдөр дэмий юманд их мөнгө үрдэг, гэрээрээ дүүрэн хэрэггүй хог новш хураачихсан айл зөндөө байна шүү дээ. Ерөнхийдөө монголчууд маш их үрэлгэн болж.

 

Багаасаа ямар ч ёс суртахуунгүй төлөвшчихсөн хүнийг том болсон хойно нь өөрчилнө гэж байх уу ?

 

Уул нь байх л ёстой. Арван жилийн сургууль, их сургуулийн зорилго тийм байх ёстой шүү дээ. Ёс суртахуунгүй хүүхдийг ёс суртахуунтай болгож хүмүүжүүлж чадахгүй юм бол сургууль, боловсролын байгууллагаар яах юм бэ. Зүгээр нэг хими, физикийн олимпиадад хүүхэд түрүүлүүлэхийн төлөө сургууль гэж байх ёстой юм уу. Хэнд хэрэгтэй газар болж таарч байна аа, сургууль гэдэг чинь. Ёс суртахуунгүй орж ирлээ гэхэд ёс суртахуунтай болоод төгсч чадахгүй юм бол их сургуульд оюутан болохын хэрэг байна уу. Сургууль гэдэг чинь хүнийг хүн болгож, боловсрол олгоход зориулсан газар биш гэж үү. Харамсалтай нь манай сургуулиуд хүнийг боловсон болгож чадахгүй байна. Тийм хичээлийн хөтөлбөр ч алга. Хаана, аль сургуульд бүтэн улирал ёс суртахууны хичээл ордог вэ. За яахав. Сүүлийн үед ганц, хоёр сургуулиас надад ёс суртахууны хичээл орооч гэж санал тавьсан. Би хүсэлт ёсоор нь ёс суртахууны лекц уншиж байгаа. Ерөнхийлөгчөөсөө эхлээд Нарантуул дээр наймаа хийж байгаа хүнийг хүртэл манай нийгэм бүхлээрээ ёс суртахуунтай болох шаардлагатай. Тэгэхгүй бол хол явахгүй шүү.

 

Нэгэн судлаач Монголын нийгмийг хип хоп нийгэм гэж хоёрхон үгээр тодорхойлсон байсан. Таныг өнөөгийн Монголыг хоёр үгээр тодорхойлооч гэвэл?

 

Хөл толгой нь солигдчихсон нийгэм. Өөр юм байхгүй.


Энхтуяа
2021-04-26 03:49
Тийм шүү .Энэ ёс суртахууны хичээл ЕБС -д оруулах нэн шаардлагатай болсон байгаа нь нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна