Хүн бүрийг зөв бай гээд Монголчууд хэзээ ч өөрчлөгдөхгүй




Хүн бүрийг зөв бай гээд Монголчууд хэзээ ч өөрчлөгдөхгүй

Бизнес мэдээ 2018-04-18 

Юнител групп “Зөв гэр бүл” хөтөлбөрийнхөө хүрээнд олон нийтийг эерэг,зөв хандлагад уриалсан цуврал ярилцлагыг та бүхэнд хүргэхээр зорьж байна. Үүний хүрээнд хамгийн эхний зочноороо бид философич С.Молор-Эрдэнийг онцолсон юм. Түүний өвөрмөц, онцгой үзэл бодол бүхий ярилцлага нь үргэлж  нь олон нийтийн анхаарлыг татаж байдаг билээ.  Эерэг зөв хандлагыг хувь хүн бүр өөрөөсөө эхлэх боломжтой гэсэн бидний уриалгыг тэрээр арай өөр өнцгөөр харж байгаа гэдгээ ярилцлагын үеэр илэрхийлсэн юм. Энэ нь төрөөс илүү хүчтэй, хатуу бодлого , дүрэм боловсруулж түүнийгээ мөрдүүлэх ёстой гэж байлаа. 

“Тэгш эрх Тэгш боломж” номоо дөнгөж олон нийтэд танилцуулаад удаагүй байхад нь энэхүү ярилцлагаа хийсэн юм. Иймээс ч тэрээр хувь хүний хандлага, нийгмийн зохион байгуулалтын тухай сэдвүүдийг шинэ номынхоо зарим хэсгээс иш татан тайлбарлаж байлаа.  

-Хувь хүний хандлага гэж чухам юу болохыг өөрийнхөө үзэл бодлоор тайлбарлаж өгөөч ?

-Сүүлийн үед хувь хүний боловсрол, хүмүүжил гэхээс илүүтэй хандлагыг чухалчилдаг болж. Эерэг зөв хандлагатай юу эсвэл буруу, сөрөг хүн үү гэх мэтээр. Ялангуяа бизнесийн байгууллагууд, ажил хэргийн түншүүд хувь хүний хандлагад тулгуурлаж ажилд авах, яриа хэлцэл хийх зэргээ шийддэг болсон.

Хүний биеийн хөдөлгөөн, гадаад төрх бусадтай хэрхэн харилцаж тухайн хүнээ хэрхэн хүндэлж буй зэрэг нь хандлагад орно. Нөгөө талаараа хувь хүний сэтгэл зүй , дотоод сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж байгаа нь хандлагыг илэрхийлдэг. Тухайлбал баярлах, бухимдах, дургүйцэх бидний хэлдэг “эморох” зэргээс хувь хүний хандлагын төлөвшил тогтдог гэж би үздэг.

Бид 1990 он гарснаас хойш яван явсаар эргээд феодалын нийгэмд хүрчихжээ гэдэг дүгнэлтэд хүрдэг. Хотын иргэншил рүү орж чадахгүй байна. Бидний дунд Монголчууд адилхан, “Монголоороо байя” гэдэг хандлага бий. Ийм л байх ёстой гэдэг тулган шаардалтыг нэг нэгэндээ тохдог. Хүн бүр өөр өөрийнхөөрөө амьдрах ёстой. Нийтлэг ярьж буй сэдэв нь зан заншил, уламжлалт ёс, өвөг дээдэс зэрэг хуучирсан хоцрогдсон өнөөдөр хүчингүй зүйл ярьж, нэгнийхээ тархийг угааж байна. Ялангуяа залуус заншил, уламжлалт ёсоор юугаа хийнэ. Шинэ юм сурч улс оронд бүтээн байгуулалт хийх залуус ийм зүйлээр тархиа угаалгаж болохгүй.

Социализм бол шинэ үеийг авчирсан зүйл. Тухайн үед жинхэнэ орчин үеийн Монгол иргэд төлөвшиж эхэлсэн. Тухайн үеийн хүмүүс бүгд мэргэжилтэй байлаа. Энэ нь  ёс суртахуун, биеэ зөв авч явах төлөвт сургаж байгаа юм. Социалист хүмүүжил чинь хүнийг орчин үеийн болгох байсан юм. Нэр нь л социализм, коммунизм болохоос биш малчин Монголыг орчин үеийн иргэн болгох гэсэн үзэл юм.

Харин одоо үед бид орчин үеийн бүх техник хэрэгслийг хэрэглэж байгаа ч агуулга ач холбогдлыг ойлгож биш бусадтай ижил байх гэсэн бусдаас дор орохгүй гэсэн хэлбэрдэлт л байгаа юм. Энэ бол орчин үеийн, шинэ мянганы соёлт хүн гэдгийг өнгө, хэлбэр талаас нь буруу ойлгосны шинж гэж би үздэг.

Энэ нь бид шинэ цаг үеийнхээ шаардлагыг ойлгохгүй байна гэсэн үг. Цаг үе биднийг өөрчлөгдөхийг шаардаж байна. Зан заншил, уламжлал ёс малчин ахуйдаа зохицдог, тухайлбал, цагаан сар. Цагаан сар бол хөдөөдөө яг зохицдог, таардаг боловч Улаанбаатар яагаад ч таарахгүй байгаа. Улаанбаатар хотод хотын биш амьдрал, соёлоор амьдрах гээд л зүтгэж байгаа нь эргээд олон нийт, хувь хүний хандлагатай холбогдож байгаа хэрэг.

-Тэгвэл залуус тэр зөв, эерэг хандлагыг яаж бий болгох вэ?

-Энэ бүхэн тэгш эрхээс эхэлнэ. Хүн бүр харилцан тэгш эрх, тэгш боломжтой байхаас л эхэлнэ. Тухайлбал, аав, хүү хоёрын жишээг авч үзье. Аав нь хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргадаггүй, мэдэмхийрдэггүй, мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Та бол хүүхдийнхээ төрсөн аав болохоос мэдлэг, боловсрол, ёс суртахууны “аав” нь биш гэдэг үзлийг бид нэгэндээ бий болгох ёстой. Хүн болоход хүүхдэд интернэт, мэдлэг, телевиз, найз нөхөд зэрэг асар олон нөлөө туслах ёстой. Аав ээж бол хүнийг хүмүүжүүлж төлөвшүүлэх онол, практикийн ямар ч мэдлэг, туршлага эзэмшээгүй хүмүүс шүү дээ.

Тэгш эрх байхгүй, нэг нөгөөдөө томордог. Ингээд байхаар дургүй нь хүрээд өнөөх хандлага нь сөрөг болж ирж байгаа юм. Бидний хөгжихгүй байгаад тогтсон ойлголт, хэв маягтаа бүх хүмүүсийг цутгах гэдэг хандлага садаа болж байна.  

-Тэгвэл энэ өөрчлөлтийг хувь хүн өөрөөсөө хэрхэн эхлэх ёстой вэ ?

-Хувь хүн эхлэх ямар ч боломжгүй. Төр, үндсэн хуулиас эхлэх ёстой. Төрөөс бүх хууль тогтоомж гарах ёстой. Бид төрөө сонгохдоо биднийг чиглүүлээд, нийгэм журамтай аваад яваач гэж их хурлын гишүүдийг сонгосон.  “Нийгмийн өмчийг хамгаалах ёстой”, “Гудманд шүлсээ хаяж болохгүй”, “Хүнийг харааж болохгүй”, “Эвгүй харьцаж болохгүй” эдгээрийг зөрчвөл торгоно гэдгийг хууль журмаар зохицуулах ёстой. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд нийгмийн ийм дүрэм, хотын соёлыг зөрчвөл торгоно шүү дээ.

Энэ хотын соёл, хувь хүний эерэг зөв хандлагатай холбоотой өөрчлөлтийг хүн өөрөөсөө эхлэх гээд мянга оролдоод амжилтад хүрэхгүй. Чи гудмаар яваа хүн бүрт очоод “Зөв бай, Зөв бай” гээд хэлээд үзээрэй юу ч өөрчлөгдөхгүй. Харин биднийг эмх цэгцтэй, нийгэм журамтай байлган амьдруулах үндсэн үүрэгтэй төрөөс хүчтэй оролцоо, шийдвэрээр үүнийг өөрчлөх боломжтой юм.

“Нийгмийн гэрээ” гэж ойлголт бий. Үүнийг аман гэрээ гэж хэлж болно. “Бид соёлт нийгмийнхээ төлөө ийм байх ёстой шүү” гэсэн хүмүүсийн тохиролцоог хэлж байгаа юм. Энэ гэрээг төрөөс бичих ёстой.

Хятадууд Күнзийн сургаал, түүхийг дунд, их сургуульдаа үздэг. Учир нь Күнзийн онол бол бүтнээрээ боловсрол, ёс суртахууны тухай номлол юм. Харин Монголд барууны соёлыг түгээж байгаа томоохон бизнесийн байгууллагууд нь хүнийг сургаж төлөвшүүлж, хөгжүүлэхэд эцэг эх, бага, дунд, их сургуулиас илүү үүрэг нөлөөтэй болж эхэлж байна. Дор хаяад л биеэ зөв авч явах, хүнтэй зөв харьцаж сурч байна. Үүнийгээ дагаад хандлагууд нь эерэг болон өөрчлөгдөж байна аливаа зүйлийг шүүмжлэл, сөрөг талаас нь бус бүтээлч эерэг талаас нь харуулж сургаж байна шүү дээ. Ингээд харахаар их инээдтэй зүйл харагдаж байгаа юм. Энэ нь хувь хүний хандлага, хөгжил, төлөвшилд өнөөх төр засаг ч биш эцэг эх ч биш их дээд сургууль ч биш хэдэн бизнесийн байгууллагууд маань илүү нөлөөтэй, үр дүнтэй оролцоод байна гэж харагддаг.


Энхтуяа
2021-04-25 06:01
Цагаан сар бол монгол үндэстэн дэлхийн бусад улс орноос өвөрмөц ёс заншил,уламжлал түүхээрээ ялгаран байх онцлог шинж төрх .Монгол хүний үндэсний баталгаа юм .Харин хэтэрхий бэл бэнчингийн өрсөлдөөн болгоод байгаа нь орчин үеийн эмгэнэл болоод байна
ш
2019-01-02 14:59
ү