Бид Хятад улсыг зүгээр л нэг “хужаа” гэж харж, ярих нь ОНИГОO
УЛААНБААТАР, 2018-02-19 10:48, ESA, Ө. ҮЛЭМЖТӨГС
Философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэтэй шинээр хэвлэн гаргасан номынх нь тухай болон өнөөгийн залуусын амьдралын чиг хандлага, нийгмийн суурь сэтгэлгээний талаар ярилцлаа.
— Та өмнө нь ихэвчлэн барууны номуудыг сонгон авч орчуулдаг байсан. Харин энэ удаад хоёр дахь ази зохиолийг орчуулан хэвлэсэн нь энэ болж байна. “Бээжин хотоор гүйсээр” романыг Та яагаад сонгож орчуулах болов?
—Би сүүлийн үед философийн номууд уншиж, орчуулж, олон нийтэд зориулж философийн лекцүүд тавьж ирлээ. Ингээд философийн ажил хийгээд явж байхад олон хүн надад “Та өрнийн философийг л яриад байх юм. Дорнын философичдыг хэзээ ярих юм” гэж асуух болсон. Тиймээс би дорнын философийг судлахын тулд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэгээр явж эхэлтэл өнөө миний Германд сурч судалж байсан өрнийн философийг өөдөөс ярих нь тэр.
“Та нарын нөгөө өөрсдийн Күнз, Зэн буддизм энэ тэр чинь яасан юм?” гэхээр, “Бид бүгдийг нь хооронд нь хослуулаад, аль аль талдаа өнөөдрийн амьдралд хэрэгтэй философийн онолуудыг нь авчихсан” гэдэг хариулт өгч байсан. Эндээс би “Заавал дорнын гүн ухаан нь яг юу вэ гэж нарийн судлах шаардлагагүй юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин ази зохиолчдын романыг яагаад сонгож авч орчуулав гэхээр, сүүлийн үед философичид хоёр төлөвт хуваагддаг болчихож. Нэг хэсэг нь их сургууль дээр лекцээ уншаад л, оюутнуудад хичээл заадаг философич байхад нөгөө талд эрх чөлөөт философич гэж байдаг. Энэ төрлийн философичид европоос гаралтай бөгөөд гол төлөөлөгч нь Францын Жан Жак Руссо юм. Тийм төрлийн буюу эрх чөлөөт философичид орчин үед маш их уран зохиолын ном бичдэг болчихоод байгаа юм. Тэгэхдээ философийн санаа дэвшүүлсэн, философийн сэдвээр уран зохиолын роман туурвидаг болсон. Өнөөдрийн бидний ярих гэж байгаа “Бээжин хотоор гүйсээр” романы зохиолч бас л философийн ойлголттой залуу. Философийн сэдвүүдийг маш уран аргаар роман болгоод биччихсэн. Энэ нь надад маш ойр байсан.
—А.Камю “Хөндлөнгийн хүн”, Ж.Сартр “Огиулас” романаараа экзистенциалист буюу оршихуйн философийн асуудлыг хөндсөн байдаг. Тэгвэл Хятадын зохиолч Шү Зэчений уг романд дэвшүүлсэн философи санаа нь юу вэ?
—Энэ ном бол соёлын шүүмж. Одоогийн шинэ, хуучин соёл хоорондын зөрчил. Хятадын уламжлалд гэр бүл, хайр дурлалыг юу гэж ойлгож байна вэ, нөгөө талд шинэ үеийн залуусын ойлголт ямар байна вэ гэдгийг харуулсан. Нэг талдаа энэ романыг уншсанаар бид өөрсдийгөө ямар байна вэ, яаж амьдраад байна вэ гэдгээ тольдож харна. Экзистенциалист философийн онол миний өмнө нь орчуулсан солонгос зохиолчийн романд илүү харагдана. Солонгосуудын амьдралын хэмнэл, уламжлалт ойлголт нь өөр. Багаасаа эцэг эх нь бүх юмыг нь бэлдээд өгчихдөг, улс нь ч гэсэн хангамжтай. Тэгээд ирэхээр залуу хүмүүс нь хүсэл эрмэлзэлгүй болчихсон. Хятадад бас л өөр. Тэд “Бид дэлхийн хоёр дахь том үндэстэн боллоо. Дэлхийн бүх хариуцлага бидний нуруун дээр ирлээ. Ирээдүйд дэлхийн бүх хариуцлага бидний нуруун дээр ирэх учраас бид том үндэстэн байх ёстой” гэж яриад эхэлсэн. Тэгэхээр бид Хятад улсыг зүгээр л нэг “хужаа” гэж харж, ярих нь онигоо л доо. Бээжингийн их сургуулийн олон профессоруудтай уулзаж байхад ч, сургуульд нь очиход ч Германы мундаг философичид тэнд лекц уншиж байх жишээтэй. Би бүр гайхсан. Миний мэддэг олон мундаг философич тэнд лекц уншиж байна. Ер нь бид гэнэн зангаасаа болж Хятад улсыг муулж суугаад яах вэ дээ. Улс төрчид нь хүртэл нэр хүндээ өсгөхийн тулд хятадуудыг муулаад байх нь хэр зохимжтой вэ. Өмнө нь Оросуудыг архичид гэж муулдаг байсан. Одоо болохоор муусайн ХУЖАА нар гэж муулдаг. Улс төрчид хятадыг муулснаараа ард түмнээс үнэлгээ авдаг болчихож.
... Улс төр бол цэцдийн ажил. Түүнээс мөнгөтэй болох гэсэн сэтгэл хөдлөлтэй “бацаанууд”-ын ажил биш л дээ ...
— Та магадгүй “Монгол ялна” гэсэн уриатай улстөрчийг хэлж байгаа бололтой. Нийгэмд “ANTI CHINA” үзэл ийм өндөр түвшинд байхад Та уг романыг хэвлэн гаргадаг нь массыг сөрж байгаа хэлбэр үү?
—Тийм. Би философичийнхоо л үүргийг гүйцэтгэж байгаа. Философич хүн соён гэгээрүүлэх үүрэгтэй. Бид аливаа нэг зүйлд зүгээр л сэтгэлийн хөөрлөөр хандаад байж болохгүй. Ялангуяа улс төр сэтгэлийн хөдөлгөөнөөр хийдэг ажил биш. Улс төр бол цэцдийн ажил. Түүнээс мөнгөтэй болох гэсэн сэтгэл хөдлөлтэй “бацаанууд”-ын ажил биш л дээ. Гэтэл манайд цэцэд байхгүй учраас бацаанууд улс төрд гарч, сэтгэлийн хөөрлөөр ярьж, нийгмийг турхирч байна. Манайд нэг алдаа байгаа нь залуу хүнд улс төрийн итгэл хүлээлгэдэг явдал. Тиймээс азийн орнуудад залуусын дунд тохиолдож байгаа ерөнхий хандлагыг “Бээжин хотоор гүйсээр” номыг орчуулж байхдаа олж харсан юм. Бээжингийн залуусын амьдралын ерөнхий хэв маяг манайхтай тун төстэй, ойр санагдсан. Би олон жил лекц уншлаа. Оюутнуудын амьдрал, хэв маяг ямар байдаг вэ гэдгийг гадарлана. Залуусын дунд яригддаг нэг л сэдэв байдаг нь love /хайр/ шүү дээ. Хайр бол өөрөө философи. Энд ганцхан эр эмийн хайр бус эцэг эхийн хайр, эх орноо хайрлах хайр, бурхан шүтээнээ хайрлах хайр гэх зэргээр хайрыг өргөн агуулгаар нь харахыг хэлж байна шүү. Ингээд л би бодсон. Дорнын философи руу орохдоо Солонгосоос эхэлсэн. Солонгосын яг өнөөгийн залуусын дунд хайр дурлалын асуудлыг илтгэх ямар роман байна вэ гэж харсан. Хятадынх нь бас ямар байна вэ? Тэгээд Хятад, Солонгос хоёрын ялгаа их анзаарагдсан. Солонгост бүх зүйл нь бэлэн, залуус нь хүсэл тэмүүлэлгүй болчихож. Тиймдээ ч тэр үү хайр дурлалыг ердөө л секс гэж хардаг болчихож. Харин Хятадад уламжлалт ёсноосоо салаагүй байх жишээтэй. Олон зуун жилийн гэр бүлийн түүхэн уламжлалтай ард түмэн байсан учраас энэ уламжлал нь ч өнөө хэр байсаар л байна. Хятадад хайр бий юу гэвэл бий. Гэхдээ бас л хайрыг тоохоо болих гээд л байна. Японд бүр хайр, секс хоёрыг хоёуланг нь тоохоо больчихож.
—Тэгвэл Монгол залуусын хооронд жинхэнэ хайр дурлал байна уу?
—Монголд гээд яривал дээрхи гурван шинж чанар бүгд бий. Нэг талдаа хайрыг чухалчилдаг, нэг талдаа сексийг чухалчилдаг залуус ч бий. Аль, аль нь л байна. Наад захын шөнийн цэнгээний газарт ямар уур амьсгал зонхилж байгааг бид мэднэ шүү дээ. Хамт ууж наргиж бүжиглээд л, дараа нь секс хийх хэвийн үзэгдэл болчихсон шүү дээ. Гэтэл манай 18-23 насны залуус дотор бүр хайр дурлал, хамтын амьдралыг огт хүлээн зөвшөөрдөггүй, сексийг ч тоож сонирхдоггүй бүхэл бүтэн үе бий болж байна.
—Та Хятадын зохиолч Шү Зэчений зохиол бүтээлдээ тусгасан философи санааг их онцолж ярилаа. Гэвч монгол уран бүтээлчид, зохиолчид уран бүтээлээ цогц агуулгатай, философийн дэвшүүлсэн санаатайгаар туурвиж чадаж байгаа юу?
—Манайхан хэзээ ч тэгж чадахгүй л дээ. Тэгэх ч боломжгүй. Монголчууд муудаа биш. Учир нь Монголд барьж аваад уншчих философийн номууд алга. Тэгэхээр ийм ном бичих боломжгүй. Үүнд зохиолчдын буруу байхгүй. Дээрээс нь бид маш их мухар сүсэгтэй. Өнөөдрийн манай зохиолчид гээд байгаа хүмүүс нь ном уншаагүй байна. Тэр тусмаа философийн ном унших чадвартай хүн алга байна.
—Өөрсдөө бүтээж туурвиж чаддаггүй юм аа гэхэд орчуулгын сайн номууд хэвлэгдэж байгааг эрх биш хүлээн зөвшөөрнө биз дээ?
—Манайд асар буруу орчуулж байна. Александр Дюмагийн Монте Кристо гүн, Анна Каренинагийн ч юм уу романуудыг орчуулахдаа өөрсдийн ойлгосноор л биччихдэг. Цаад философийг нь ойлгоогүй байдаг нь маш аюултай. Дээрээс нь манайд нэг үг маш олон утга санаа илэрхийлдэг болохоор үгийн тоглолт хийх гээд ядчихдаг. Гэтэл би “Бээжин хотоор гүйсээр” романы зохиолчтой очиж уулзаж байхад үнэхээр амар байсан. Сэтгэл гэдэг үгийг илтгэх 800-900 жилийн түүхтэй ханз нь байна шүү дээ. Манайд харин нэг үг нь яг гол ухагдахуунаа илэрхийлэхгүй, маш олон салаа болоод, өөр өөр утга илэрхийлээд явчихдаг. Тэгээд ирэхээр нэг юм уншихаараа “Би өөрийнхөөрөө л ойлгоно” гэдэг. Тэгж тухайн зохиол, романыг болоод зохиолчийн жинхэнэ филисофийг алж болохгүй л дээ. Достоевский гэхэд л тэр чигтээ Христийн шашины гүн ухаан шүү дээ. Европын ном зохиолууд тэр чигтээ Библийн утга санаанд зангилагддаг. Энэ нь бидэнд тийм ч ойр биш. Манайд роман сайн хөгжих болоогүй байна. Бид эхлээд өлсгөлөнгөөсөө салах хэрэгтэй байна. Түүхээр өлсдөг байсан өлсгөлөнгөөсөө одоо л нэг салж байгаа юм. Одоо өвөг дээдсээ ярьдаг байдлаасаа салчихвал. Тэгээд дээрээс нь мухар сүсгээсээ салах нэг шаардлага байна. Шашны нөлөөлөлд хэтэрхий автаж байгааг ярихгүй байж боломгүй. Тэгэхээр шашны хорхойноосоо салаад хүн гэдэг ойлголт руугаа эхлээд орох хэрэгтэй. Хүний дотоод мөн чанар, уг ухагдахуун руу ороогүй цагт өөр юу ч яриад нэмэргүй л дээ.
—Тэгвэл шашны супермаркет болчихсон, мухар сүсэгт бүрэн авчихсан энэ оронд философич байна гэдэг эмгэнэл биш үү. Уг нь сэтгэгчид, философичид нь хөгжлийн түүчээнд явж нийгмийнхээ оношийг тавьж, хэрхэн зөв хөгжилд хөтлөх гаргалгааг дэвшүүлдэг. Гэтэл манайд эсрэгээрээ зурхайчид, үзмэрчид, лам бөө нар энэ үүргийг гүйцэтгээд байх шиг?
—Хэдэн мянган жилийн өмнөөс л гүн ухаантнууд нийгмийнхээ урд явж энэ үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Харамсалтай нь манайд эсэн бусын мухар сүсэгтнүүд, болсон болоогүй улс төрчид, янз бүрийн яруу найрагчид дуртай нь мэдэмхийрч онош тавьдаг болчихсон. Ичих ч үгүй өөрсдийгөө бүр философич гээд нэрлэчихсэн улс ч олон болчихож. Их хөөрхөн, инээдтэй.
—Тэгвэл жинхэнэ философич гэж хэнийг хэлдэг вэ?
—Жинхэнэ философичид төр засгийн харьяаны байгууллагад харьяалагдаж ажиллахгүйгээр эрх чөлөөт статустай байж ирсэн. Төрийн байгууллагад ажиллах юм бол төрийн эсрэг үг хэлж чадахгүй болчихно. Философич хүний нэг эрсдэл байдаг нь төрийг маш их шүүмжилдэг. Шашинтай ч мөн тэрсэлдсээр ирсэн. Тиймдээ ч олон сайн философич шашин, сүм хийдтэй тэрсэлдсэнийхээ төлөө Төрөөс цаазын ял сонсч алуулж байсан тохиолдол их. Харин одоо бол цаг сайхан болчихож. Массын сэтгэлгээний буруу ойлголттой хэдэн хүн л уурлаж эсэргүүцнэ үү гэхээс нийгэм философийг сайхан хүлээж авдаг болжээ.